С.Баттулга: Монголын сумочдын амжилт хоёр орны харилцааг маш их урагшлуулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2025-07-05 13:03:55

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар удахгүй Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, Японд төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн тэргүүн С.Баттулгыг урьж, япон орон япончуудын тухай ярилцсанаа толилуулж байна.


-Япон орон Азийн улс орнууд дотроо Нобелийн шагналтнаараа тэргүүлдэг. Ер нь япон хүмүүс яагаад бусдаас өөр юм бэ. Юу нь тэднийг өвөрмөц болгож харагдуулдаг вэ?

-Өнөөдөр Японы тухай ярих болсондоо их баяртай байна. Би япон судлалын чиглэлээр 30-аад жил ажиллаж байна. Японыг судалдаг гээд япон орон, япон хүмүүсийн тухай бүгдийг нь мэддэг гэсэн үг биш л дээ. Гэхдээ энэ орныг судлах тусам маш их сонирхол татаж байдаг нь гайхалтай шүү.

Хамгийн түрүүнд, би газар зүйн байрлалыг нь онцолмоор байна. Далайгаар хүрээлэгдсэн, байгалийн нөөц ихээхэн хомс арал дээр 120 сая хүн амьдарч байна. Ийм олон хүн арал дээр хэрхэн эвтэй найртай амьдарч, өндөр хөгжилтэй улс орныг цогцлоов гэдэг нь анхаарал татдаг шүү дээ.

Түүнээс гадна япончууд түүхийнхээ явцад маш олон сорилттой тулгарч, тэдгээрийг даван туулж ирсэн. Жишээлбэл, дэлхийн 2 дугаар дайнд оролцсон, нутаг дэвсгэр дээрээ цөмийн бөмбөгийн туршилт хийлгэж, хор хөнөөлийг нь амссан. Түүнчлэн орчин үеийн хүнд сорилтуудтай хамгийн түрүүнд тулж, шийдвэрлэхийн төлөө явж буй улс юм. Тиймээс энэ үндэстний түүхэн туршлага их чухал санагддаг. Түүнээс гадна Европын иргэншлээс суралцаад өөрийн гэсэн онцлогтой орчин үеийн улсыг байгуулсан түүх нь ч сонин шүү дээ.


-Дэлхийг алмайруулсан ойрын жишээнүүд нь бий шүү дээ. Тухайлбал, Фукуока хотод зам цөмөрч асар том нүх үүсэхэд 48 цагийн дотор бүрэн зассан. Катар, ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ үзсэн япон хөгжөөн дэмжигчид Цэнгэлдэх хүрээлэнгийн хогийг цэвэрлээд гарч байсан. Тэгэхээр орчин үеийн өндөр хөгжилтэй Япон орныг хөгжүүлэхэд япончуудын ямар чанар нь гол хүчин зүйл болсон бэ?

-Гаднаас нь харахад япончууд ямар их дэг журамтай, ямар их ёс зүйтэй, нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг хүмүүс вэ гэж гайхагддаг. Тэгэхээр тэгж харагдах онцлог тал бий. Япон тариалангийн соёлтой болохоор, хамтаараа тариагаа тарьж, будаагаа боловсруулж, олуулаа нийлж хүчээ хавсаргадаг уламжлалт тогтолцоотой. Япон маягийн тосгоны дунд бүрэлдэж бий болсон тэрхүү хамтач үзэл, хамтач ухамсрыг дээдлэх сэтгэлгээ нь одоогийн Японы нийгэмд ихэд эрхэмлэгддэг. Өөрөөр хэлбэл, бусдыг хүндэтгэх, нэг нэгнээ хүндэтгэх, өөрийгөө хүндэтгэх гэдэг нь маш чухал соёл нь юм. Нэгтгээд хэлбэл, олон нийтийн эрх ашгийг илүүд үзэх, өөрийн эрх ашиг сонирхлыг хамгийн доор авч үзэх соёлын онцлогтой.

Япончууд хамт сууж байхдаа “би, би” гэж өөрийгөө онцолж ярьдаггүй, өөрийгөө дөвийлгөдөггүй. Энэ нь хэт даруухан, баригдмал ч юм шиг, юу хэлэх гээд байгаа нь мэдэгддэггүй гэгддэг ч тэдний сул тал биш, харин эсрэгээрээ олуул нэг дор амьдарч байгаа орчин үеийн нийгэмд хамгийн их зохицсон, сайн тал нь болж ялгардаг. Тэгэхээр орчин үеийн өндөр хөгжилд хүрэхэд иймэрхүү суурь чанар нь давуу тал болсон болов уу гэж санагддаг.

Түүнээс гадна япон хүний аливаа зүйлд үнэнч хандах сэтгэл нь онцгой. Япончуудын нэг гайхалтай сонин чанар гэвэл, өөрийн  хариуцаж авсан ажлыг дээд түвшинд хийх, түүний төлөө бүх зүйлээ зориулахыг эрмэлздэг, эцсийг нь хүртэл зүтгэдэг.


Японы улстөрчид буруу зүйл хийхээрээ уучлал хүсээд, буруугаа хүлээгээд ажлаа өгч байгаа харагддаг шүү дээ. Яг түүнчлэн япон хүнд нэр төр гэдэг ойлголт бол зөвхөн өөрийнх нь нэр төр биш юм. Өөрийн гэр бүлийн нэр төр, овгийн нэр төрийг хадгалах, хүндлэх асуудалтай холбогддог.


-Монгол Улс, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн харилцаатай. Энэ харилцааг харилцан хөгжүүлэхэд юу чухал вэ, ер нь япон хүнтэй харилцахад юуг анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Их чухал асуудал. Өнөөдөр Монгол, Японы улс төрийн харилцаа хамгийн өндөр түвшинд байна. Гэхдээ япончуудыг маш их таньж мэдэх ёстой. Тодорхой салбар, зүйл, чиглэлд илүү ач холбогдол өгч, эрэл хайгуул хийх шаардлагатайг монголчууд бид ухаарах ёстой. Бид илүү тодорхой асуудалд бодитой, идэвхтэй хамтармаар байна. Би япончуудын соёл сэтгэлгээний онцлогийг ярихдаа үнэнч байх, зарчимч, “За” гэснийхээ дагуу нэр төрөө хамгаалах соёлоос нь дээр онцолж хэлсэн дээ.

Тэгвэл Чингисийн их гүрэн байгуулсан үеийн монголчууд ямар байсан бол гэвэл маш өндөр ёс суртахуунтай, нийгмийн зөв зохион байгуулалттай байсан байх. Энэ нь “Монголын нууц товчоон”-оос ч харагддаг. Нөхөрлөлдөө үнэнч байх, нэр төрөө дээдлэх, ард түмнээ чин сэтгэлээсээ хайрлах олон мөн чанар өвөг дээдэст маань байсан. Гэтэл түүхийн явцад суларч алдарсан зүйлсээ япончуудын жишээнээс харж суралцах боломж бидэнд бий.

Япончууд сүүлийн үед, ялангуяа өнөөгийн цаг үед энэ дэлхий ертөнцийг өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдалтай уялдуулаад өөрсдийнхөө өнгөрсөн түүх рүү дахиж харах тухай ярьж байна. Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө бид ямар зүйлийг туулав, түүнээс хойш бидний байгуулсан нийгэм зөв үү, буруу юу, бид юуг гээсэн байна гэдэг талаар ярьцгаах болж байна.


-Монгол орноор явсан япон хүмүүс олон сайхан юм бичсэн байдаг. “Монголын тал нутагт би хүний мөн чанарыг дахин нээсэн. Энд хүн байгаль хоёр салшгүй нэгэн цогц юм” гэж Японы алдартай зохиолч хэлсэн байдаг. Япончууд монголчуудыг юугаар нь илүү их сонирхдог вэ?

-Бид хэн бэ? гэдэг асуултыг тавьж байгаа юм шиг сонсогдож байна. Бид түүхийн олон янзын өнгө төрхтэй явж ирэх хугацаандаа монгол хүн ийм байх ёстой гэсэн олон янзын дүр төрхийг төсөөлж, тийм хүнийг бүтээхийг оролдож ирсэн байх л даа.
Япончууд 1900-1920-иод оны үед монголын газар нутгаар явж судалгаа хийсэн байдаг. Гэтэл арал дээр амьдардаг япон хүмүүс монголын нутаг дээр ирээд юуг мэдэрсэн бэ, Шиба Рёотаро хэмээх олон газрыг судалсан хүн монголчуудаас их зүйлийг олж харсан байх. Мэдээж маш олуулаа, ойр ойрхон амьдардаг улсууд чинь тэс өөр юмыг мэдэрсэн байж таарна.


Япончууд Монголын их эзэнт гүрний үеийн түүхийг маш их судалдаг,  Богд судлалыг маш өндөр хэмжээнд хөгжүүлсэн үндэстэн.


Энэ улс үндэстэн өөрсдөө хүчтэй, олон том эрсдэлүүдийн ард гарч үлдэхийн тулд хүчирхэг, ухаалаг байсан, хүний мөн чанараа хадгалж чадаж байгаа улсуудын түүхийг судалж байна шүү дээ. Энэ дотор нь монголчууд багтсан байна. Японы эзэн хаан 2 дахь удаагаа, эзэн хаан болсныхоо дараа эхний удаа Монгол Улсад айлчлах гэж байгаа нь маш их өндөр ач холбогдол өгч байгаагийн нэгэн илрэл юм.


Японы мэргэжлийн сумо бөхийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн


-Монголын сумочид хоёр орны харилцаанд үлэмж их гавьяа байгуулсан гэж болно. Монголын сумочид сумогийн дэвжээнд анх хөл тавьснаас хойших 33 жилийн хугацаанд зургаан монгол аварга төрсөн байна. Үүнийг япончууд өнөөдөр юу гэж бичиж байдаг, ямар бодол сэтгэгдэлтэй байдаг юм бол?

-Монгол бол бөхийн уламжлалтай улс. Японы сумо ч өөрийн гэсэн уламжлалтай. Хэдийгээр адилхан бөхийн спорт ч гэлээ аль аль нь өөрийн хэв маяг, дэг журам, онцлогтой. Яагаад монголчуудыг, монгол бөxчүүдийг сумодоо барилдуулсан юм бол гэж надад бодогддог юм. Монголчууд хүчтэй учраас Монголоос аварга төрөхийг тэд таамаглаж л байсан байх. Тэгвэл таамагласан хэрнээ монголчуудыг олноор нь яагаад сумогийн ертөнцөд оруулав гэхээр, нэг талаасаа япончууд гаднын зүйлийг чөлөөтэй шингээж авч чаддагийнх нь нэг илрэл юм. Өөрт хэрэгтэй, өөрсдийг нь илүү сэргээж хүчтэй болгох нөхцөлийг шууд хүлээж авдаг хэрнээ өөрсдийнхөөрөө үлдэх технологийг бүтээж ирсэн улс шүү дээ. АНУ-ын стратегич, геополитикчид ч япончуудыг “Тэд харагдах талаасаа соёлтой хүмүүс. Япончууд хэд хэдэн зүйл дээр стратегич байж чаддагаа бодитоор харуулсан үндэстэн” гэж хэлсэн байдаг л даа.


Тиймээс монгол бөхчүүдийг өөрсдийнхөө дэвжээн дээр гаргахад алсыг харсан л байж таарна.


Мэдээж гаднын хүн тэр дэвжээн дээр аварга болоход өөрийн өв уламжлалыг дээд зэргээр хүндлэхийг шаардаж, “Та Японы нэг эд эс боллоо, үүнийг байнга ухамсарлаж яваарай” гэдгийг сануулж ирсэн гэж таамаглаж байна. Харин манай аваргууд үүнийг маш сайн биелүүлж чадаж байна.


-Монголчууд сумогийн дэвжээнд очсоноороо ямар дэвшил авчирсан гэж япончууд үздэг вэ, тэд юу ярьж юуг онцолдог вэ?

-Япончууд Японыхоо өв уламжлалыг хадгалж үлдэхэд машид анхаардаг. Түүний нэг нь сумо бөхийн соёл юм. Харахад дан ганц барилдаан мэт боловч бөхийн амьдрах хэв маяг, захирах, захирагдах ёс заншил, сумогийн дэг жаяг, өөрийн гэсэн уламжлалаа хадгалж яваа нэг том соёл шүү дээ. Манай аваргууд өөрсдийгөө өндөр түвшинд бэлтгэж, олон хүнд сорилт давааг давсны үндсэн дээр өнөөдрийн байр суурийг олж авсан гэж бодох хэрэгтэй. Тэгээд тэдний сумогийн ертөнцөд гаргасан амжилт Монгол, Японы харилцааг маш их урагшлуулсан, түүнд маш их хувь нэмэр оруулсан зүйл шүү дээ.

Дээрээс нь монголчуудыг дэлхий дахинд таниулахад маш их үүрэг гүйцэтгэсэн. Сумог хүндэлдэг бүх хүн монголчуудыг хүндэтгэдэг болсон шүү дээ. Монгол бөхийн барилдааныг үздэг болсон. 

Тэгэхээр бид ийм боломжийг нээсэн, ийм боломжийг нээхэд япончууд бидэнд тусалсан гэж хэлж болно. Сумо шиг ийм олон боломж ар араасаа хүлээж байж ч магадгүй.


Бид итгэл даах хариуцлагатай байж, өнөөгийн хамгийн сайн хэмжээнд харилцаагаа хөгжүүлэхийн төлөө хамтрах ёстой гэж бодож байна.


-”Жугамо” нийгэмлэгийн 30 жилийн ой тохиож байна. Японд төгсөгчдийн холбоо хоёр орны харилцааны гүүр болж ажиллах зорилготой. Япон орон япончуудыг монголчууддаа таниулахаас гадна монголчууддаа чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Би Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Байгууллагын маань 30 жилийн ой энэ жил тохиож байгаа.

“Жугамо” бол Японд очиж суралцаж байгаа, суралцсан, амьдарч байсан бүхий л хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн чөлөөтэй, нээлттэй нийгэмлэг юм. Энэ нийгэмлэг 30 жилийн хугацаанд маш их зүйлийг хийжээ. Ялангуяа, Монгол, Японы хооронд гүүр болох үүргийг маш сайн хэрэгжүүлжээ.

Японд цунами болж, хүчтэй газар хөдлөхөд бид хамгийн түрүүнд санаачилга гарган хандив цуглуулж, сэтгэлээ илэрхийлж байлаа. Бас япончуудыг нааш нь татах нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн олон салбарт хамтарч ажиллах боломжийн тухай мэдээллийг солилцох, мөн энд ирсэн япончуудыг хүлээж авах, аюулгүй байлгах, сайхан байлгах гээд бүхий л зүйлд оролцож байна. Үр дүнд нь Японы ЭСЯ, олон улсын ЖАЙКА, Монголд амьдардаг япончууд энэ байгууллагын мөн чанарыг ойлгоод, энэ байгууллагатай хамтарч ажилладаг, тодорхой ажлуудыг хийлгэдэг болжээ.

Японтой холбоотой хүмүүсийг хооронд нь танилцуулах, зуучилж холбох, мэдээллээр хангах, дээр ярьсанчлан япон соёл, япон хүмүүсийн мөн чанараас бид юуг нь суралцаж болох, өөрсдийгөө дахин нээхэд хувь нэмрээ оруулах талын олон янзын үйл ажиллагааг гишүүд дотроо зохион байгуулдаг.

Энэ завшааныг тохиолдуулаад “Жугамо” нийгэмлэгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд төлөөлж ирсэн бүх ахмад үеийнхэн болон залуучууддаа баярын мэнд хүргэе.

 

 

 

関連ニュース