“Олон улсын дистрибьютерүүд Монголд-2023”-д БНСУ, БНХАУ-ын 40 компани оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Мишээл Экспо” төвд “Олон улсын дистрибьютерүүд Монголд-2023” үзэсгэлэн худалдаа нээгдээд байна.
Албан ёсны гэрээт борлуулагч, үйлдвэрлэгчдийн уламжлалт олон улсын энэхүү үзэсгэлэн худалдаа 9 дэх жилдээ болж байгаа юм.
- Үндэсний үйлдвэрлэл, импортын брэнд бүтээгдэхүүн,
үйлчилгээг, дотоодын зах зээлд танилцуулж
нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх,
- албан ёсны диллер, дистрибьютер компаниудаас шууд худалдан
авалт хийх,
- гэрээ байгуулах, түншлэлийг бий болгох боломжийг нэг дороос олгодог уг үзэсгэлэн худалдааг энэ удаа Дэлхийн чанарын өдрийн хүрээнд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн нь Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулдаг дэлхийн брэндүүдийг хэрэглэгчдэд таниулах, хуурамч бараанаас ялгах, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, маркетинг, борлуулалтыг давхар давхар дэмждэг онцлогтойг зохион байгуулагч нар хэлж байна.
Үзэсгэлэнд БНХАУ-ын 30, БНСУ-ын 10 гаруй, чанар стандартаар тэргүүлдэг дотоод, гадаадын нийт 90 гаруй бизнес эрхлэгч үйлдвэрлэгч нар өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл Экспо” төв, дэмжигч байгууллагаар Стандарт хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, ҮСХ, Монголын Бизнесийн зөвлөл, МҮХАҮТ хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Арга хэмжээний үеэр хамтран зохион байгуулагч байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгч нарт хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл, сургалтыг мөн зохион байгуулах юм.
2012 оноос эхэлсэн “Олон улсын дистрибьютерүүд Монголд” үзэсгэлэнгийн зохион байгуулалт жилээс жилд сайжирч, гадаад, дотоодын түншлэгч нар өндөр ач холбогдол өгч оролцдог томоохон эвент болж чадсан бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдаа ирэх онд 10 жилийн ойтойгоо золгох аж.
“Олон улсын дистрибьютерүүд Монголд-2023” энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.