Азийн наадмын алдаа, оноо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-09 23:14:45

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон 19 дэх удаагийн Азийн наадам Хятадын Ханжөү хотод болж өндөрлөлөө.


Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд манай улс түүхэнд байгаагүй олон тамирчнаа илгээж, Ханжөүд очсон бүрэлдэхүүний тоогоороо долдугаарт эрэмбэлэгдэв. Өмнө нь тивийн наадамд оролцож байгаагүй хэд хэдэн төрлөөр баг, тамирчдаа илгээж туршлага судлуулан, “дарийн утаа” үнэрлүүлж чадсан. Энэ нь өнөөдөр биш гэхэд тухайн спортын ирээдүйн хөгжилд тодорхой алхам хийж буй нэг хэлбэр юм. Энэ удаагийн Азийн наадамд монголчууд хэрхэн оролцсон болон эргэн тойрон дахь үйл явдлыг товчоор тоймлон хүргэе.


Хуучин спортын шинэ амжилт

Байт харваа манай улсын олимпын спортуудын дунд уугандаа тооцогдоно. Тэртээ 1971 онд Монголын тамирчдаас дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг Д.Дэмбэрэл гэх харваач анх удаа авч, араасаа олон төрлөөр дэлхийн аваргууд шанг татсан түүхтэй. Гэвч Азийн наадмаас огт медаль авч үзээгүй гэх сонирхолтой статистикийг 52 жилийн дараа Б.Отгонболд өөрчиллөө. Тэр зүгээр ч нэг медаль авсангүй. Олимп, дэлхийн медальтнуудыг цувруулан ялсаар алтан медалийн тавцанд зогсож, Ханжоуд төрийн дууллаа эгшилүүлэв. Түүгээр ч зогсохгүй ирэх онд Парисыг зорих тийзээ захиалж,  Монголын байт харвааны  спортын түүхэнд шинэ хуудас нээв. Солонгосууд ноёлдог төрөлд тэр бүү хэл эрэгтэйчүүдийн хувийн харваанд ийм амжилт гаргана гэдэг огшихоос өөр аргагүй мэдээ.


Багийн спортын шинэ түүх

Монголчуудыг багийн спортоор тивийн наадам битгий хэл тивийн аваргаас медаль хүртэнэ чинээ бодоогүй явсан цаг саяхан. Тэгвэл Ханжөүд монголчууд багийн төрлөөр таван медаль авах нь тэр. Эхнийх нь буудлагын эмэгтэй баг. Гэхдээ энэ бол манайхны үзүүлж болох амжилт. Харин дараагийнх нь жүдогийн багийн төрөл. Эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван жүдоч барилддаг холимог багийн тэмцээнд манай жүдочид түүхэндээ анх удаа Азийн наадмаас медаль хүртэв. Жүдочдын хувьд тэмдэглүүштэй амжилт. Хэдийгээр манай жүдочид ганцаарчилсан төрөлд санаснаас тааруу амжилт үзүүлсэн ч холимог багаар том тэмцээнээс анхны медалиа зүүсэн нь сайшаалтай. Тэгвэл “гудамжны” гэх тодотголтой 3х3 сагсан бөмбөгөөр монголчууд мөнгө, хүрэл медаль авч спорт сонирхогчдыг доргиолоо. Багахан хувийн найдвар төрүүлж байсан ч ихэнх нь эргэлзэж байв. Гэхдээ тэд чадсан. Эмэгтэйчүүд нь финалдаж, эрэгтэй нь хүрэл медалийн төлөө тоглолтод гайхалтай ялалт байгуулж чадсан.


Араас нь өнөөх “орцны тоглоом”-оор оргил амжилт үзүүллээ. Монголд “ПС” хэмээн нэрлэж, нийгэм даяараа  нүд үзүүрлэдэг байсан уг тоглоом дэлхийд даяаршиж буй. Манайхан ч чамгүй амжилт үзүүлж буй. Цахим спортын төрөл анх 2007 онд Макаод зохиогдсон Азийн танхимын наадмын хөтөлбөрт багтаж, Монголын баг мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл дотачид энэ удаа тивийн наадмаас шилдгүүдийг ялсаар мөнгөн медаль хүртлээ. А.Билгүүн, О.Сүхбат, Б.Мөнхбат,Н.Батбаясгалан, Д.Төгстөр нарын бүрэлдэхүүнтэй “IHC e sports”  баг энэ спортын талаарх олон хүний ойлголтыг өөрчилсөн  байх.


Дугуйчдын 33 жилийн хүлээлт

Монголын дугуйчид 1990-ээд онд хүчтэй байсныг гэрчлэх амжилт олон бий. 1990 оны Азийн наадмаас медаль авч байсан дугуйчид тэр цагаас хойш таг чиг. Тэгвэл тэр хүлээлт Ханжөүд дуусгавар болов. Сүүлийн хэдэн жилд Азид дугуйн спортоор гайхуулж яваа олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц шагналын тавцанд зогссон нь Монголын спортын онцлох үйл явдал юм. Магадгүй түүнийг ирэх онд Парисын замд харах ч юм билүү.


Онцгой амжилт

Монголын усанд сэлэлтийн тамирчид Ханжөүгийн замд 11, хөнгөн атлетикийн тамирчид хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Ялангуяа усан спортынхноос түүхэндээ анх удаа Б.Энххүслэн шигшээ наймд шалгарч уралдсан нь тэмдэглүүштэй үйл явдал юм. Хэдийгээр медалийн тавцанд зогсож чадаагүй ч түүний амжилт усан спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.


Тамирчдад өгөх ташуур үг

Монголчууд 400 гаруй тамирчин илгээсэн ч 21 медальтай эх орондоо ирсэн нь чамлахаар үзүүлэлт. Ялангуяа Монголын топ гэгдэх төрлүүд санаснаас доогуур амжилт гаргав. Боксын Б.Чинзориг, чөлөөт бөхийн Т.Тулга нар топ төрлүүдийн нэр хүндийг аварч алтан медалийн эзэн болсон. Чөлөөтийн эрэгтэйчүүд дэлхийн аваргад гаргасан алдаагаа Азийн наадамд зассан бол эмэгтэйчүүд нь маш хангалтгүй оролцов. Бокс л гэхэд Б.Чинзориг, О.Есүгэн нараас өөр тамирчин үгүй мэт. Магадгүй энэ янзаараа дээрх хоёроос өөр тамирчин Парисыг зорьж чадахгүй ч байж мэднэ. Жил хүрэхгүй хугацааны дараа Францын Парис хотод олимп болно. Монголоос найман баг, тамирчин финалд гарсан. Гэвч гуравт нь алтаа авлаа. Жүдочдын хувьд илүү их найдлага тавьж байсан ч хоёр Азийн наадам дараалан аваргагүй эх орондоо ирэв. Түүнчлэн буудлагынхан багийн төрлийн ганц хүрлээс өөр амжилтгүй. Гаднын улс орнуудын амжилт улам ахиж, тамирчдын чадвар сайжирсаар. Харин Монголынх дээшилсэнгүй. Үүнд холбогдох албаныхан нэгийг бодож, хоёрыг тунгаана биз.


Сайны хажуугаарх саар мэдээ 

Энэ удаагийн наадамд бахархам амжилтаас гадна нэг “анти амжилтаар” эхний байруудад жагслаа. Азийн наадмын допингийн шинжилгээг хариуцсан Олон улсын шинжилгээний агентлаг /ITA/ энэ наадамд допингийн  эсрэг дүрмийн зөрчил гаргасан цөөн хэдэн тамирчны нэг нь Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн гишүүн Б.Эрдэнэзул болохыг мэдээлжээ. 19 настай эл тамирчны А сорьцооос хориглосон жагсаалтын S1 бүлэгт багтдаг дростанолын метаболит илэрснийг зарласан. Б.Эрдэнэзул Азийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээнд 55 кг-ын жинд өрсөлдөж, огцом өргөлтөөр 70 кг, түлхэлттэй өргөлтөөр 87 кг, нийлбэрээр 157 кг-ийн амжилт үзүүлж, 12 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм.  Тамирчны амжилтын хувьд энэ тийм ч ач холбогдолтой биш ч допингийн эсрэг үйл ажиллагааны хувьд ноцтой мэдээ. Азийн наадмын өмнөхөн, тодруулбал есдүгээр сарын 22-нд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Монгол Улсад алдаагаа засах дөрвөн сарын хугацаа олгосон. Гэтэл наадмын үеэр допингийн эсрэг дүрэм зөрчсөн хэдхэн тамирчны нэг нь монгол болов. Монголын хүндийн өргөлтийн хувьд энэ нь анхны тохиолдол биш. Хамгийн сүүлд “Рио-2016” зуны олимпод Ө.Чагнаадорж допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргаж, дөрвөн жилээр эрхээ хасуулж байсан билээ. Азийн наадамд монгол тамирчнаас гадна Узбекистаны дугуйчин Алексей Фомовский, Афганистаны боксчин Мохаммад Хайбар Ноористани, Саудын Арабын холын зайн гүйгч Мохамед Юсуф Аль Насири, Филиппины уулын дугуйчин Арина Эвенгалиста нарын А сорьцоос хориглосон бодис илэрчээ. Дүрмийн дагуу тамирчин В сорьцоо задлах, шинжлүүлэх эрхтэй.

 

2010 онд тавьсан зорилгоо 13 жилийн дараа биелүүлсэн Хятад

Урд хөршийнхөн тивийн наадмыг гурав дахь удаагаа эх орондоо хүлээн авсан нь энэ. Технологийн гайхамшгийг мэдрүүлсэн тус наадам Ханжөүд очсон зочид, төлөөлөгчид, фанат аялагчид, албаныхан, тамирчид, хэвлэл, мэдээллийнхэнд ээлтэй, таатай байсан гэдгээрээ онцлогтой бөгөөд өндөр үнэлгээ авсан. Зохион байгуулагч орон 2010 онд Гуанжоу хотод тивийн наадмыг хүлээн авч байхдаа бас л гайхамшгийг мэдрүүлж байсан бол 13 жилийн дараа бүр илүү ихийг үзүүлэв. Тэд 2010 онд нутагтаа 200 алтан медаль авах зорилго тавьж байсан ч нэгээр дутаж 199-ийг өвөртөлж байлаа. Харин энэ удаа зорилгоо биелүүлж 201 алтан медальтай гэртээ үлдэв. Тэгвэл Япон, Солонгос, Энэтхэг, Узбекистаны баг 20-иос дээш алтан медаль хүртжээ. Энэ удаагийн наадмаас 27 орон алтан медальтай нутаг буцсан. Харин 41 улсын тамирчин ямар нэгэн байдлаар медаль хүртэж, шагналын тавцанд зогсчээ. Бутан, Йемен, Зүүн Тимор, Мальдив гэсэн дөрвөн улс л ганзага хоосон үлдэв. Аман хүзүүдсэн Япон дөнгөж 52 алтан медаль авсан нь  урд хөршийнхөн маань ямархан тасархай, сайхан наадсаныг илтгэж байгаа юм.


Монголчууд Ханжөүгийн наадмаас гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаар 22 дугаарт жагсав. Хэдийгээр алтан медалийн буухиаг таслаагүй ч 2014, 2018 онд үзүүлсэн амжилтаас буурсан үзүүлэлттэй. Монголын багийн амжилт буурсан ч хэд хэдэн шинэлэг амжилт үзүүлснийг онцлох нь зүйн хэрэг.

関連ニュース