Тогтвортой хөгжлийн хамгийн том тушаа нь авлига
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” Үндэсний зөвлөгөөнийг Удирдлагын академи, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран тав дахь өдрөө зохион байгуулж байна.
Засаглал, төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, оролцоо хэр чухал болохыг таниулахыг зорьсон энэ зөвлөгөөнийг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын боловсруулсан “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх засаглалын сургалтын хөтөлбөр”-т суурилан явуулж байгаа юм. Эхний дөрвөн өдрийн сургалтаар, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үр дүнтэй үндэсний болон орон нутгийн засаглал, засаглалын чадамж, бодлогын уялдаа холбоо, зохион байгуулалт гэх мэт сэдвийг голлосон. Монгол Улсын Засгийн газрын дунд түвшний удирдлагууд, НҮБ-ын удирдлагууд, олон улсын мэргэжилтнүүд болон бусад улсын албаны хүмүүс дээрх агуулгын хүрээнд сургалт судалгаанд хамрагдаж, илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөний үеэр Монгол Улсын хувьд авлигатай хэрхэн тэмцэж байгаа, цаашид авлигагүй улс болоход юун дээр анхаарах тухай бүлэг сэдвийг хөндөж ярилцсан юм.
Монгол Улс анх 1996 онд авлигын эсрэг хуультай болсон бөгөөд 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон байдаг. Мөн 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулж, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталсан улс. 2020 онд баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ”Алсын хараа-2050”, 2021 онд баталсан Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогод авлигын эсрэг хийх алхмуудаа тодорхой тусгасан. Тухайлбал Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 он хүртэлх хугацааг Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх үе хэмээн тодорхойлсон. Харин Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод туссан Төрийн бүтээмжийн сэргэлтийн нэгэн агуулгад авилгатай эрчимтэй тэмцэх тухай асуудал бий юм. Өөрөөр хэлбэл Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлэх нь авлигын үндсийг таслах нэгэн арга хэрэгсэл болно гэж үзэж байгаа юм. Мөн Засгийн газраас авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааг эрчимтэй өрнүүлж эхэлсэн нь олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэл харьцангуй нээлттэй болж, эерэг хүлээлт үүсээд байгаа билээ.
Тогтвортой хөгжлийг бий болгох олон чухал асуудлуудын нэг гол чухал зүйл нь шударга байдлыг төлөвшүүлэх явдал. Хэрэв тухайн нийгэмд шударга, ил тод байдал төлөвшиж, ухамсар, хариуцлагын зарчим үйлчилдэг болж эхэлбэл зөв голдирол руугаа орж эхэлдэг байна. Нэг ёсондоо ёс зүйтэй харилцааг ялангуяа төрийн байгууллагууд онцгойлон хэрэгжүүлж байх шаардлагатайг сургалт семинарын илтгэлүүдэд онцгойлон ярьж байна.
Манай улс тогтвортой хөгжлийн эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван хүрээнд тодорхой ахиц дэвшил гаргасан ч НҮБ-ын улс орнуудын шинжилгээ болон бусад судалгаанд тодорхойлсноор хөгжлийн олон сорилттой нүүр тулсаар байгаа билээ. Тухайлбал авлигатай тэмцэх Засгийн газрын үйл ажиллагаа эрчимжиж, шүүхээр шийдвэрлэгдсэн авлигын хэрэг нэмэгдэж буй боловч авлига түргэн хугацаанд ул мөргүй болох хараахан боломжгүй. Хариуцлага хүлээдэг, хүлээлгэдэг, ашиг сонирхлоос ангид байж чаддаг байх нь авлигын эсрэг зогсох гол зарчим. Гагцхүү хариуцлагын хатуу чанга зарчим үйлчилж байж гэмээнэ авлигаас ангижрах зорилго үр дүнд хүрэх юм гэдгийг сургалтад оролцогсод хэлж байв.
Ил тод, шударга, хараат бус, мэргэжлийн түвшинд хяналт тавьдаг байх нь төр-хувийн хэвшлийнхний бүх түвшиндээ төлөвшүүлэх хамгийн наад захын зүйл гэж хэлж болно. Монгол Улсын урт хугацааны бодлогод, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх, авлигын эсрэг бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, авлига албан тушаалын гэмт хэрэг буурсан байх гэсэн зорилго, төсөөлөл бий. Энэ зорилгодоо хүрэх алхмуудаа хэдийнэ хийгээд эхэлснийг, мөн тодорхой үр дүнд хүрч байгаа тухай зөвлөгөөний үеэрх илтгэлүүдэд дурдагдаж байсан юм.
Авлигыг үл тэвчих, авлигатай шударгаар, зөвөөр тэмцэж чаддаг сэтгэл зүй, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх нь энэ төрлийн гэмт хэргийн үндэс хөрсийг тэжээн тэтгэхгүй байх нэг арга, гол хамгаалалт болж байдаг аж. Тийм ч учраас “Алсын хараа-2050” бодлогын хоёрдугаар үе шат буюу 2031-2040 он хүртэлх хугацааг авлигатай бүх нийтээр тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үе гэж тодорхойлсон бөгөөд энэ үед нийгмийн бүх түвшинд авлигыг үл тэвчих хандлага төлөвшсөн байна гэж буй. Хэрэв авлигыг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэхгүй, алдаа дутагдлыг үл тоомсорлох байдалд дасал болчихвол авлигыг гааруулах суурь шалтгаанаа эмчлэхгүй байгаа хэрэг гэж болох юм байна. Тиймээс төрийн байгууллагуудын мэдээллийг хангалттай нээлттэй болгох, хариуцлагын механизмыг чадваржуулахаас гадна ёс зүйн хэм хэмжээг ямагт баримтлах, энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлэхгүй байх нь хүн бүрийн үүрэг хариуцлага гэсэн үзэл хандлагыг нийгмийн бүх түвшинд бий болгоход чиглэсэн ажлуудыг онцгойлон хийх нь чухал байгаа юм.
Түүнчлэн мэдээлэлд ойр байгаа хүмүүс албан тушаалаа хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьдаг ёс зүйгүй үйлдэл нь нийгмийн болоод эдийн засгийн хувьд асар их хор хохирол дагуулж байдаг. Энэ нөлөөллийг таслан зогсооход чин шударгаар хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг энэ сэдвийн хүрээнд хөндөж байв. Үүний зэрэгцээ орлогын түвшин доогуур байх нь хүртэл авлига, албан тушаалын хэрэг нэг талаараа холбогдож байх магадлалтай гэсэн санааг ч зөвлөгөөнд оролцогчийн зүгээс гаргаж байсан юм. Ямартаа ч улс орны тогтвортой хөгжлийн нэгэн том чөдөр тушаа болдог, далд эдийн засгийг бий болгож байдаг авлига, албан тушаалын хэргийг засаглалын бүх шатанд үгүй болгож чадвал Монгол Улс дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө зорилтдоо хүрэхэд ойртох юм гэдгийг Үндэсний зөвлөгөөнөөр дүгнэж хэлэлцлээ.