НАТО-гийн хойд жигүүр Скандинавт хүрлээ
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО
байгуулагдсанаас хойш яг 44 жилийн дараа Финланд улс тус эвслийн 31 дэх гишүүн
нь боллоо. Мягмар гарагт Брюссель дэх эвслийн төв байранд болсон ёслолын үеэр
Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто эвсэлд нэгдэх үйл явц дууссаныг
батлах албан ёсны баримт бичгүүдийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони
Блинкенд гардуулан өгөв.
Э.Блинкен 4 дүгээр сарын 4-нийг “түүхэн өдөр” гэж нэрлэсэн
бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “энэ үйл явдал
Финландыг илүү аюулгүй, НАТО-г илүү хүчирхэг болгоно” гэж дүгнэж байна.
Төвийг сахих бодлогыг 200 гаруй жилийн турш баримталж ирсэн Швед, Дэлхийн II дайнаас хойш төвийг сахигчийн статустай байгаа Финланд гэсэн Скандинавийн хойгийн хоёр улс өнгөрсөн оны 5 дугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргаснаас хойш 11 сарын дараа Финландын гишүүнчлэлийн асуудал ийнхүү шийдэгдлээ.
Ёслолын үеэр Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдэхдээ
“Швед улс гишүүнээр элсээгүй байгаа үед Финландын гишүүнчлэл бүрэн төгс бус
гэсэн үг, Шведийг ойрын үед элсүүлэх үйл явцыг тасралтгүй үргэлжлүүлэх нь чухал” гэлээ.
Гишүүнчлэлд учирсан саад
2022 оны зундаа багтан НАТО-д элсэнэ гэж яарч байсан Скандинавийн
хоёр улсын төлөвлөгөөнд гэнэтийн саад учирсан нь эвслийн нөлөө бүхий гишүүн
болох Турк улсын байр суурь юм. Террорист байгууллага гэгддэг Курдистаны
Ажилчны намын гишүүд ба 2016 онд Туркэд төрийн эргэлт хийхээр завдсан Фетулла
Гюлэнийг дэмжигчдийг нутагтаа орогнуулж байна хэмээн Скандинавийн хоёр улсын
эрх баригчдыг Туркийн тал буруутгаж, гишүүнчлэлийг нь хойшлуулсаар ирсэн юм. Учир нь, хоёр улсыг НАТО-д элсүүлэх эсэх асуудлыг эвслийн
гишүүн 30 улсын парламентууд хэлэлцэн сайшаасан байх ёстой.
Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё нар
Энэ оны 2 дугаар сарын эхээр Турк ба Унгараас бусад бүх улсын
парламент шинэ гишүүдийг элсүүлэх асуудлыг дэмжсэн шийдвэр гаргаад байлаа.
Туркийн хувьд, террористууд ба төрийн эргэлт хийхээр завдсан этгээдүүдийг
шилжүүлэн өгөхийг Швед, Финланд хоёроос шаардаж байсан бол “үл хүндэтгэсэн
байдлаар хандаж, Унгарт мөнгө олгуулахгүйн тулд Европын Холбоонд шахалт үзүүлж буй”
Стокгольм, Хельсинки хоёрт Унгарын эрх баригчид таагүй хандаж байв.
Харин олон удаагийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалын үр дүнд
хоёр улсын парламент Финландын гишүүнчлэлийг дэмжсэн шийдвэрийг өнгөрсөн баасан
гарагт гаргав.
Одоо харин Шведийн гишүүнчлэлийн асуудал төвөгтэй хэвээр байна.
Учир нь, энэ оны 1 дүгээр сард Стокгольм дахь Туркийн ЭСЯ-ны байрны ойролцоо
Шведийн хэт барууны үзэлтнүүд Коран судрыг шатааж, зөнч Мухаммедыг элэглэсэн
зургийг бариад жагссан нь Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы дургүйцлийг төрүүлж,
угаасаа ээдрээтэй байсан харилцааг улам хүндрүүлэв. Шведийн гишүүнчлэлийг
туркууд дэмжих үү гэдэг нь эргэлзээтэй боллоо.
Харин эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг эл
асуудлаар тун өөдрөг бодолтой байгаа бөгөөд “Швед улс НАТО-д элсэхэд
шаардлагатай бүх нөхцлийг биелүүлсэн учраас ямар нэгэн саад бэрхшээл учрах
ёсгүй” гэжээ.
Шведийн Гадаад харилцааны сайд Тобиас Билльстрём-ийн ярьснаар
бол, 7 дугаар сарын 11-12-нд Литва улсын Вильнюс хотод болох НАТО-гийн Дээд хэмжээний
уулзалтын үеэр Швед улс гишүүнээр элсэнэ хэмээн найдаж байгаа ажээ. “Турк,
Унгарын парламентын хувьд цаашид манай гишүүнчлэлийг саатуулах ямар ч шалтгаан
байхгүй”.
Оросын байр суурь
Швед, Финланд хоёр НАТО-д элссэнээр Балтийн тэнгис, Арктикийн
районд тус эвслийн цэргийн хүч мэдэгдэхүйц бэхжиж, Оростой залгаа НАТО-гийн
хилийн шугам уртсах юм. Гэтэл ноднин 5 дугаар сард Скандинавийн хоёр улс
өргөдлөө өгөх үед ОХУ тун тайван хандаж байсан нь ажиглагчдыг гайхшруулж байв.
Гэтэл Орос-Финландын хуурай замын хилийн шугам 1300 км гаруй урт үргэлжилдэг ба
Финландтай залгаа районуудад Оросын тив алгасах баллистик пуужин хөөргөх
цооногууд, Умард флотын баазууд байрладаг.
Үүний зэрэгцээ, эдгээр баазын хангамжийг төмөр замын ганцхан шугам, Ладог
нуурын хойгуур өнгөрдөг автомашины ганцхан замаар тээвэрлэн хүргэдэг. Онолын
хувьд НАТО-гийн цэргүүд 500 гаруй км үргэлжлэх хангамжийн зам харилцааг таслах аюултай.Тухайн үед Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “Украинаас
ялгаатай нь гэвэл, Финланд, Швед хоёртой Оросын хувьд асуудал байхгүй, харин тус
эвслийн цэргийн дэд бүтэц өргөжих эсэхээс бидний өгөх хариу арга хэмжээ шалтгаална” гэж
мэдэгдэж байв.
“Скандинавийн хоёр улс ба ОХУ-ын хооронд нутаг дэвсгэрийн
ямар ч асуудал байхгүй, харин Украин НАТО-д элссэн тохиолдолд газар нутгийн
маргаан үүсэж, нийт Европ тивд асар их эрсдэл учруулна” хэмээн Оросын
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэж байв. Харин тэрбээр Брюссельд болсон ёслолын тухайд хэлэхдээ “Финланд улс НАТО-д элссэн нь Орос улсын аюулгүй байдал ба
үндэсний эрх ашигт халдсан хэрэг мөн, иймээс бид аюулгүй байдлаа хангахын тулд
тактикийн болон стратегийн хариу арга хэмжээ авахад хүрч байна” гэсэн нь нэлээд
хатуу үг хэллэг байлаа.
Финланд улс НАТО-д элссэнээр Балтийн тэнгис бараг бүхэлдээ
тус эвслийн газар нутагт багтах боллоо. Иймээс Орос улс тухайн чиглэлд агаарын
довтолгооноос хамгаалах нэмэлт анги нэгтгэлүүдийг байрлуулах шаардлагатай болсныг
шинжээчид тэмдэглэж байна.
Юу өөрчлөгдөх вэ?
Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд эхэлснээс хойш улс
орноо НАТО-д элсүүлэхийг дэмжиж буй финчүүд ба шведүүдийн тоо ганцхан шөнийн
дотор хүн амын 30 хувиас 80 хувь болтлоо огцом өсжээ. Ингэснээр эвсэлд элсэх
үйл явц эрс түргэслээ.
Гишүүнээр элссэнээр нөхцөл байдал тэгтлээ өөрчлөгдөхгүй,
учир нь, Финланд улс бүр 1994 оноос хойш НАТО-гийн албан ёсны түнш гэсэн
статустай байгаа бөгөөд гишүүн орнуудын армиудтай нягт хамтран ажиллаж, тус
эвслийн зэвсэг-техникийн ба бүтэц-ложистикийн бүхий л шаардлагуудыг хангадаг.
Харин зарчмын гол өөрчлөлт бол “гуравдагч этгээдийн зүгээс Эвслийн аль нэг гишүүн улс руу халдах үйлдлийг бүх гишүүн улсад халдсантай адилтгаж үзнэ” гэсэн санааг агуулж буй эвслийн гэрээний 5 дахь заалт юм. Үүнийг шууд утгаар нь тайлбарлавал, Финланд улс НАТО-д элсэж, түүний хамгаалалтын шүхэр дор шууд орсноор аюулгүй байдлаа хангахаар шийджээ.
НАТО-гийн эвсэл Афганистанд бүтэлгүйтэж, Д.Трампын үед
дотоодын зөрчилд автагдаж, Францын Ерөнхийлөгчийн хэлснээр “тархи нь үхжиж”
байсан бол Орос-Украины мөргөлдөөн, улам бүр өсөн нэмэгдэж буй Хятадын амбиц нь
зогсонги байдалд ороод байсан цэрэг-улс төрийн эвслийн хувьд сэргэж эхлэх суурийг нь тавьж өглөө гэж ВВС агентлагийн тоймд дүгнэн бичжээ.