МУСГЗ Г.Аким шинэ ном, баримтат киногоо танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. МУСГЗ, орчуулагч, судлаач Г.Акимын " Зосон зургийн хойноос "жаран" голыг гаталсан аян" шинэ номын ёслол өнөөдөр Монголын хүүхдийн төв номын ордонд боллоо. Түүний шинэ номын "ханш нээх" ёслолд анхны нь багш МУГБ Д.Гомбожав, номын анд Ардын уран зохиолч Т.Галсан, МУСГЗ Г.Мэнд-Ооёо, ШУГЗ, академич Б.Төмөртогоо, Ц.Шагдарсүрэн, МУСГЗ зохиолч Л.Пүрэвдорж зэрэг олны танил эрхмүүд оролцож баяр хүргэн, сэтгэгдлээ хуваалцсан юм.
Номын нээлтийн өмнөхөн Г.Аким өнгөрсөн зун, намрын олон сар хамтдаа Монголынхоо эртний зураг, зосон будгийн өв хадгалсан 60 гаруй гол мөрөн, уул усны саваар 6000-7000 км зам туулж аялсан багийн гишүүн сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Даваажав, баримтат кино хийсэн Г.Энхсайхан, газарчилсан, эрдэмт ардын эмч П.Баатар, их эмч Ч.Цэдэн-Иш, нутаг усны иргэдэд талархлаа илэрхийлээд " Зосон зургийн хойноос "жаран" голыг гэтэлсэн аян" баримтат киноны хэсгийг үзүүлэв.
Мөн Г.Аким энэхүү кино, ном, хуурцаг хийхэд туслаж, Монголын эртний зураг, өв соёлыг дэлхийд таниулан сурталчлахад хамтран ажиллаж байгаа Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлаг, төслийг санаачлагч "Билгүүн номч сан"-гийнханд ном, хуурцгийнхаа дээжийг бэлэглэлээ.
Нүдээрээ харснаа зурагт буулган, чихээрээ сонссоноо хальсанд хувилан, үзэж харснаа үгээр илэрхийлэн кино, ном болгосон нэн их олзынхоо дээж " Зосон зургийн хойноос "жаран" голыг гэтэлсэн аян" номоо ч хүн бүхэнд тараах гэж адгасан нь Г.Акимын өглөгч сэтгэлийн бэлэг болсон нь энэ хаврын ханш нээх өдрийн баяр болов.
Г.Акимын бага ангийн багш МУГБ Д.Гомбожав "1950 онд анх Дорнод аймгийн багшаар очиход 7 дугаар ангийн шавилхан хүүд хичээл зааж, Монголынхоо төдийгүй дэлхийд танил нэрт хүн болсонд баярлаж, бүтээл бүхнээр нь бахаддаг. Шавьдаа дурсамжийн номоо дээдлэн өгье" гэж 90 насны босго давсан буурал багш нь үнсэн мялаав. Ардын уран зохиолч Т.Галсан "Ардчиллын салхи сэвэлзэж эхлэхэд үзэл суртлын зэвсэг "Ил товчоо" сониндоо "Тэмээ болох шахсан хүн" гэж намайг зоригтой бичиж, хэлмэгдэл, эх хэл, өв соёлынхоо тухай илэн далангүй дэлгэж, үүргээ сайн биелүүлээд сониноо эвхэж тавьсан ч эртний хадны зураг, зосон будгийн нууцсыг эрэн хайн гадныханд Монголынхоо соёлыг танилцуулж, сонгодог зохиолоо орчуулж зүгээр суулгүй, сохорт үзэгдэж, дүлийд сонсогдохоор бүтээлүүд туурвин хийж буйд баярлаж байна" гээд ёгт үлгэрийн мастер, Оросын зохиолч Крыловын ном, "Арвай хээр" шүлэглэсэн романаа бэлэглэв. Г.Аким хариуд нь, дээхэн нэгэн номын уулзалтад манай Т.Галсан нэлээд эртний мөнгөн аяга бэлэглэсэн. Андууралгүй өгсөн тэр эртний хийцтэй аяганд би хамгийн нандин дээж идээ, сүүгээ хийж уудаг. Найздаа ихэд баярладаг" гэж талархав. Мөн Л.Пүрэвдорж "Говь-Алтайгаас Цоодол гэгч хүн Г.Аким гуайг олж өгөөч. Манай нутагт бороо орохоор зураг нь тодордог, хур бороогүй бол дүрс нь алга болдог сонин хадны зураг байна. Хэлээд өгөөч гэснийг дуулгая. Мөн саяхан Израилийн Йерусалимын их сургуульд очоод Г.Акимын номыг хүргэж өглөө. Уг сургуулийн багш Акимын нэрийг сонсоод наадах чинь еврей нэр байна. Арай еврей хүн биш биз гэж их сонирхлоо шүү" гэсэн сонин мэдээ бас дуулгав. Энэчлэн Г.Акимын тухай сонирхолтой дурсамжууд болон сэтгэгдлээ олон хүн хэллээ.
Г.Акимын эл ном англи хадмал орчуулгатай хэвлэгджээ. Энэ нь Монголын зосон будаг, хадны зургийн өв соёлыг дэлхийд сурталчлан таниулах томоохон бүтээл болсон байна.