Олимп, дэлхийн аварга Рамазан Шахин Улаанбаатарт ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манай оронд болох чөлөөт бөхийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих Туркменистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Бээжин 2008” олимпийн аварга, дэлхийн аварга Рамазан Шахин /Ирбайханов/ ирнэ.
Тэрбээр шинэ шавь нартайгаа Дагестанд бэлтгэл хийж байгаа бөгөөд удахгүй Улаанбаатарт ирнэ. Энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотноо болох тус тэмцээнд Иран, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Казахстан, БНХАУ-ын ӨМӨЗО, Тайвань, Сингапур, Йемены баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.
Рамазан Шахин нь ОХУ-д төрж өссөн, чечень гаралтай бөгөөд 22 насандаа иргэншлээ сольж, Турк улсын нэрийн өмнөөс барилдаж олимп, дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Тэрбээр “Баку 2007” ДАШТ, “Бээжин 2008” олимпийн наадамд 66 кг-д барилдаж түрүүлсэн билээ. Тэрбээр тамирчны замналаа дуусгаад Станбулын нэгэн клубт дасгалжуулагчаар ажиллаж байв.
Улмаар 2016 онд Туркийн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. “Баку 2007” ДАШТ болон “Бээжин 2008” олимпийн аварга Рамазан Шахин өдгөө Туркменистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.