Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас ямар үнэтэй байна вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-08-15 11:27:07

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. 2025 оны хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.


УИД-ийн өмнөх талбайд үндэсний найман компанийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцаснаас гадна хичээлийн хэрэгслийг үйлдвэрийн үнээр худалдаж байна. 


Тус үзэсгэлэнгээс оюутан сурагчид, эцэг эхчүүд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, бусад шаардлагатай зүйлээ нэг дороос худалдан авах боломжтой. 


Үйлдвэрээсээ хамаараад бага ангийн дүрэмт хувцас эмэгтэй сурагчийнх 101-119 мянган төгрөг, эрэгтэй сурагчийнх 136-168 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас эмэгтэй сурагчийнх 161-196 мянган төгрөг, эрэгтэй сурагчийнх 166-200 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас эмэгтэй сурагчийнх 184-217 мянган төгрөг, эрэгтэй сурагчийнх 189-236 мянган төгрөгийн үнээр борлуулж байна.




Үүнээс “Батзүү” ХХК, “Отто” ХХК-д үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас хамгийн хямд үнэтэй бол “Торгон хийц” ХХК, “Бүтээлч үйлс” ХК-д үйлдвэрлэсэн хувцас хамгийн үнэтэй нь байлаа. “Батзүү” ХХК-ийн борлуулалтын ажилтан “Манай үйлдвэр Шанхайгаас материалаа татдаг. Хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, биед тухтай загвартай. Дөрвөн жил тогтвортой үнээр худалдаж байгаа” гэв.


Харин “Бүтээлч үйлс" ХК-ийн борлуулалтын ажилтан “Дүрэмт хувцасны материал болох  япон, солонгос даавуу нь биед харшил өгөхгүй, хөлөргөхгүй, бөөстөхгүй” хэмээн ярьсан юм. Түүнчлэн и-баримт олгохоос гадна эцэг эхчүүд дотоодын үйлдвэрээ дэмжиж байгааг үйлдвэрлэгчид онцоллоо.


Хичээлийн хэрэгслийн үнээс дурдвал, цэцэрлэгийн бага бүлгийн багц 44 мянган төгрөг, дунд бүлгийнх 65 мянган төгрөг, ахлах бүлгийнх 100 мянган төгрөгийн үнэтэй байна. Улаанбаатар принт үйлдвэрийн дэвтрийг 400-2600 төгрөг буюу үйлдвэрийн үнээр худалдаж байгаа бол үзэг, харандаа 500-2500 төгрөг, үзгийн сав 5000-20000 төгрөг, сурагчийн цүнх загвар, материалаасаа хамаараад 30-198 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Бэлтгэсэн Т.Хулан

















Related news