Малчдын зургаан настай хүүхдүүдэд зориулан гэр өргөөг ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ хичээлийн жил малчдын нэгдүгээр ангийн хүүхдэд зориулсан “Гэр өргөө”-г 24 суманд байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Энэхүү гэр өргөөг ажиллуулсанаар малчид хүүхдээ дагаж төв суурин газар бараадах бус, хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа ажиллах нөхцөл боломж нь бүрдэх ажээ. Мөн энэ хичээлийн жил Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн багш”, “Сайн оюутан”, “Аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөрийг тус тус үргэлжлүүлэн ажиллах юм байна. 2018 онд Завхан аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарт нийт 12.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯамнаас “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргая” зорилгыг дэвшүүлсэн ажээ. Харин Завхан аймаг багш, суралцагч бүрийн ажил хөдөлмөр, сурлагын чанарт ахиц гаргах зорилго дэвшүүлжээ. Энэ жил Завхан аймагт 5395 хүүхэд цэцэрлэгт, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 1458 сурагч элсэн суралцахаар бүртгүүлжээ. Харин өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт 39 цэцэрлэгт 6458 хүүхэд суралцаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96.6 хувь, цэцэрлэгийн хамран сургалт 84.5 хувийн үзүүлэлттэй байсан байна.
Б.Мягмарсүрэн