ЗАВХАН: Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-24 14:23:48

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсныг өнөөдөр гардуулан өглөө.


Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.


Энэхүү шагналыг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах. Авран хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.


Нийгэм, эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Завхан аймгийн Онцгой байдлын газарт гардуулж буйг зарлигт тусгажээ.


Шагналыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө. Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн Онцгой байдлын газрын үе үеийн алба хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдээ гамшиг ослоос авран хамгаалж ирсэнд нь талархаж байгаагаа илэрхийллээ.


Мөн үеэр ОБЕГ-аас Завхан аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албанд Ланд крузер Лонг-78 цасны авто машин, тоног төхөөрөмжүүдийн хамт хүлээлгэн өглөө гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян шагналыг гардуулан өглөө. 

Цэргийн гавьяаны одон Завхан аймгийн Онцгой байдлын газрын туганд

               Завхан аймгийн цэргийн хүрээний

                             ёслолын жагсаал болов.


相关新闻