Завханчуудын урласан 10000 ширхэг номын баринтаг хүлээлгэн өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Утга зохиолын нэгдэл, Боролдой номын дэлгүүрээс хамтран “Өв соёлоо өлгийдөе” нэртэй номын баринтаг хийх аян дуусч 16000 гаруй иргэн баринтаг хандивлажээ.
Тус аяныг өвөг дээдсээс өвлөгдсөн үнэтэй ховор ном судрыг баринтаглах эртний уламжлал ёсыг сэргээж, Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй баринтаггүй болон баринтаг нь хэт хуучирсан 20 мянга гаруй ном сударт зориулж зохион байгуулсан байна. Аянд Завхан аймгийн 24 сум, 27 байгууллага, иргэд амжилттай оролцож 10152 ширхэг баринтагийг урласан байна.
Зохион байгуулагчид анх 8888 ширхэг баринтаг хандивлах аяныг эхлүүлсэн ч зөвхөн Завхан аймагтаа амьдардаг иргэд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа тус аймгийн иргэд баринтаг урлах аянд идэвхитэй оролцжээ.
"Бид маргааш буюу наймдугаар сарын нэгний өдөр Монголын Үндэсний Төв номын санд баринтагаа хүлээлгэн өгөх гэж байна. Сонирхуулахад Үндэсний Төв Номын сан нэг дор ийм олон ширхэг баринтагийн хандив авч байсан анхны тохиолдол энэ юм билээ. Нүүдэлчин монголчууд ном судраа эрхэмлэн дээдэлж, баринтаглан өлгийдөж ирсэн өнө эртний уламжлалтай. Энэ нь хойч үеийн эрдэмтэн мэргэд, судлаачдад тухайн ном судрыг хэвээр нь өвлүүлэн хүртээх буянтай үйлс билээ. Энэхүү буянтай үйлсэд Завхан нутгийн зон олон минь дөрвөн сарын хугацаанд өөрсдийн гараар урлаж бидний ажлыг дэмжин хамтран ажилласанд талархал илэрхийлж байна. Номын цагаан буян та бидний үр хойчид үргэлжлэн дэлгэрэх болтугай" хэмээн аяныг зохион байгуулагчид мэдээлэв.
Б.Мягмарсүрэн