ЗАВХАН: Сансар судлалын талаар илүү танин мэдэх өдрүүд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-06 13:52:02

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймагт дэлхийн сансрын 7 хоног үргэлжилж байна.


"Living in Space" буюу "Сансарт амьдрахуй" агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар 100 орчим хүүхэд оролцжээ.


Хүүхдүүд энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцож, шинжлэх ухааны ололт амжилтын сонирхолтой туршилтуудыг хийж байна.

“Дэлхийн сансрын долоо хоног” нь 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд таниулах шинжлэх ухааны салбарын хөгжилд оролцох олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр зохиодог. Дэлхий даяар нэгэн зэрэг зохион байгуулж буй манай гаргийн хамгийн том шинжлэх ухааны үйл ажиллагаа юм.


Энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр хүүхдүүд шинжлэх ухаанд сонирхолтой болохоос гадна сансар огторгуйн шинжлэх ухаанд дурлах ирээдүйн инженер, сансрын нисгэгч болох мөрөөдлөө эхлүүлдэг. Тиймээс сансрын 7 хоногийн үйл ажиллагаанд багш нар, эцэг эхчүүд онцгой ач холбогдол өгч бүх насны хүүхдүүдээ оролцуулах сонирхолтой болсон нь энэ жилийн үйл ажиллагаанаас харагдаж байна. Дэлхийн сансрын 7 хоногт зориулсан үйл ажиллагаанд сайн дурын 30 орчим хүүхдүүд хөтчөөр оролцож, үе тэнгийнхэн болон дүү нартаа зөвлөн тусалж байна.


Энэ жилийн онцлог нь сансар судлалын талаар илүү танин мэдэж, хиймэл дагуул, нарны аймаг гэсэн воркшопоор үйлчилж байна.


Сансрын 7 хоногийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн насны хүүхдүүд хамгийн идэвхтэй оролцож байна. Ахлах ангийн хүүхдүүд мэргэжлийн багш нарын тусламжтай туршилт хийж, сансар судлалын техникүүдийн талаар танин мэдэж байна. Нар, од дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг таниулах воркшоп, туршилт, сургалтыг эндээс авч болох юм.


10 дугаар сарын 5-8 хүртэл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын их танхимд, 10 дугаар сарын 9-10-ны өдөр Жавхлант цогцолбор сургуулийн урлаг зааланд 10:00-17:00 цаг хүртэл нээлттэй үйлчилнэ хэмээн Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв. 

Сонирхолтой туршилтуудыг хийж байна

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн сонирхлыг татсан үйл ажиллагаа болж байна


Хүүхдүүд гариг ертөнцүүдийн ялгаатай талыг танин мэдэж байна

相关新闻