ЗАВХАН: Эвэртэй мод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-30 17:50:13

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс сумын нутаг, Тэсийн голын шугуйд малын эвэр зууж ургасан өвөрмөц тогтоцтой мод бий.  


Анх нутгийн нэртэй маарамба Цэвэг хэмээх хүн 1970-аад оны үед уг модыг олсон байна. Тэрээр гацуур модонд шигдэж, модтойгоо хамт ургасан малын эврийг байгалийн сонин тогтоц төдийгүй, ер бусын холбоо хэмээн ярьдаг байсан тухай нутгийн хөгшчүүд одоо ч ярьдаг байна. Үүнээс хойш эвэртэй модыг нутгийнхан л мэддэг байсан бол, 2000-аад оны үеэр энд тэндээс жуулчид, тус сумыг дайран өнгөрөх хүмүүс зориуд очиж сонирхон үздэг болжээ.


Одоогоор малын эвэртэй модны нас, утга учир, тогтцыг хэн ч тайлж баталгаажуулаагүй байна. Сумын иргэдийн хэлж буйгаар малын эвэр бүхий гацуур мод нь хөгшин мод биш залуу мод. Малын эврийг зориудаар зоосон бол тус эвэр нь шинээрээ мэт, модтойгоо нягт барьцалдаж хамт ургахгүй байсан. Хээр хэвтэж байсан эврийг сүлбэж ургасан бол тухайн эвэр нь өгөршиж муудаад унах байсан. Харин Эвэртэй мод анх ургахдаа л ингэж тогтсон, одоо модтойгоо хамт ургадаг. Мод өндөрсөхийн хэрээр эвэр ч томорч байгаа гэж нутгийн хөгшчүүд ярьж, шүтэн дээдэлж ирсэн байна.  


Эвэртэй модыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон “Аяллын цаг” нэвтрүүлгийн Г.Бадамсамбуу сэтгүүлч нэвтрүүлэг бэлтгэж байсан байна. Сэтгүүлч Г.Бадамсамбуу хэлэхдээ, Дэлхийн олон орноор аялж явахдаа модонд чулуу зуугдаж ургасан олон тогтцыг харж байсан, харин малын эвэр модонд ингэж ургасан байхыг үзээгүй тухайгаа нутгийнханд хэлж байсан. Сүүлийн жилүүдэд эвэртэй модыг зорих аялагч, жуулчид, гэрэл зурагчдын цуваа тасрахгүй байна. Угаас манай нутаг, ялангуяа энэхүү модны ойр орчмын газар нутаг нь байгалийн үзэсгэлэн цогцолсон нутаг юм. Сумын төвийн ойролцоох Эвэртэй мод, Нүхэн хад, Сүүж хад зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газар олонтой хэмээн Баянтэс сумын иргэн Х.Лүндээжанцан мэдээлэв.


Ташрамд, Баянтэс сум Тува улстай хил залгадаг. Сумын төвөөс 500 метрт Тэсийн  гол урсдаг. Энэхүү голын хөвөөгөөр гацууран болон бургасан шугуй бүхий өвөрмөц тогтоцтой. Тэсийн голын шугуй гэх энэхүү мөнх ногоон гацуур дунд 69 харзтай. Өөрөөр хэлбэл цэвэр усны нөөцөөр арвин баялаг. Рашаан мэт амьд харз, горхитой. Эдгээр нь цөм хүний эрүүл мэндэд тустай гэгддэг. Тэр ч бүү хэл ойн нөөц олон төрлийн ургамлаар баялаг.


Гацуур, шинэс, хуш, хус, улиас, хайлаас, бургас, яргай, чаргай зэрэг мод, модлог ургамал, чацаргана, тошлой, үхрийн нүд, улаалзгана, нэрс, аньс, гүзээлзгэнэ гэх мэт жимс, арц, таван салаа, гоньд, бамбайн үндэс, алтан товч, ганга, алирс, гишүүний үндэс, хөх, шар дэгд, мэхээр, цээнэ, алтан хундага, сөд зээргэнэ, тарваган шийр, нохойн хошуу, чонын элэг, тэхийн шээг, хамхуулын үндэс, монгол туйплин, монгол бэрээмэг, шар төмс, тэмээн сүүлийн хоёр төрөл зэрэг эмийн ургамал, самар, зэрлэг сонгино ургадаг. Хүн орхоодой гэх мэтийн эмийн ургамал бий гэж ахмадууд ярьдаг. 

Эвэртэй мод, Баянтэс сум

相关新闻