Олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш буюу ирэх сарын 01-нд “360 градус” төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайн нээлтийн ёслол болно.
Уг талбайг байгуулахад 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө болон бусад эд зүйлсийг хандивласан бөгөөд үүний зарцуулалтыг олон нийтийн сүлжээ (facebook)-ээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа аж. Уг талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид байт харваагаар хичээллэж, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжтой юм. Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Ийнхүү байтынхан 60 жилийн дараа 60 хоногийн дотор зориулалтын талбайтай болж, спортын амжилтыг ахиулах, хүүхэд залуусын хөгжүүлэх боломжийг бүрдүүлж буй юм. Байт харвааны төрлөөр Д.Дэмбэрэл 1971 онд дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпаас Д.Баатаржав алтан медаль хүртэж байв.
Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна.
Ч.Ариунболд