Сүхбаатарчууд шинэ цолтнуудынхаа мялаалга наадмыг ирэх сард хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-24 16:15:58
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарчууд хурдтай, хүчтэй сайхан наадсан. Үндэсний бөхөөр хоёр улсын цолтон төрсөн нь аймгийн 76 жилийн түүхэн дэх анхдагч үйл явдал байсан юм. Тэгвэл бөхчүүдийнхээ шинэ цолны найрыг ирэх сард хийнэ гэдгийг аймгийн Засаг дарга албан ёсоор зарлалаа.

Сүхбаатарчууд төдийгүй Монголчуудын олон жилийн хүлэлтийг биелүүлж, Монгол Улсын харцага цолыг хүртсэн Ш.Мөнгөнбаатар гэр бүлийн хамтаар нутагтаа амралтын шугамаар иржээ. Харцагыг нутагтаа ирэхэд аймаг орон нутгийн удирдлагууд, үндэсний бөхийн холбооны төлөөлөл, ах дүү, найз нөхөд нь тосон авсан юм. Улмаар аймгийн ЗДТГ-ын нийт албан хаагчид хүлээн авч, тусгайлан баяр хүргэж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ барьж хүндэтгэл үзүүллээ. Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэхдээ “Сүхбаатарчуудынхаа олон жилийн хүслийг биелүүлсэн шинэхэн харцагадаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд, улам их амжилтыг хүсье. Сүхбаатарчууд шинэ цолтонууддаа ямар шагнал өгөх бол гэж олон хүмүүс харж байгаа байх.  Бид Алтан овооныхоо их тахилга наадмыг хийх том ажилтай байгаа учир цолны мялгаалга наадмаа наймдугаар сад тусгайлан хийж, тэр үеэр бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх болно.” гэдгээ мэдэгдэв.

“Нутагтаа, аав ээж дээрээ амралтын шугамаар ирээд байна. Гэхдээ мэдээж удахгүй болох Алтан-Овооныхоо наадамд барилдана. Цаг ямагт намайг дэмжиж, урам зориг хайрлаж байдаг орон нутгийнхаа иргэдэд баярлалаа. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, илүү их амжилтыг гаргах болно” хэмээн Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар хэллээ.

Харин харцага Ш.Мөнгөнбаатарын багш Б.Чулуунжав “Хамгийн анх Ш.Мөнгөнбаатарыг 16 настай байхад нь бөхийн өргөөний нээлтийн барилдаанд оролцуулж байлаа. Тухайн үед улсын начингаар нэг давж байсан юм. Тэр үеэс л би түүнийг юм дуулгах хүү гэж үнэлж, бэлтгэл хийлгэж эхэлсэн. Миний шавь хэзээ ч багшийнхаа итгэлийг алдаж байгаагүй. Хэдийгээр улсын цолын удаан хүлээлгэсэн ч мөнгөний начих биш Ш.Мөнгөнбаатар шиг арслан байсан нь дээр гэх ярианы эзэн болж явсанд нь үнэхээр их баярладаг. Ер нь энэ жилийн хувьд манай Мөнгөө үнэхээр өнгөтэй, өөр байсан. Яалт ч үгүй цаг нь болжээ гэж багш хүний хувьд бодож, залбирч суусан даа.” гэж өөрийн сэтгэгдлээ ярьсан юм.  

Монгол Улсын начин Б.Батжаргал одоогоор нутагтаа ирээгүй байгаа билээ.
Т.Одончимэг
 
相关新闻