СҮХБААТАР: Иргэний андгай өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо. Аймгийн
ИТХ, ЗДТГ, СУАЖЗГ, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан ээлжит ёслолд
Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрвөн сургууль, МБС-ийн
төлөөлөл 80 сурагч оролцож, андгайгаа өргөн, иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх” зорилгоор тус үйл ажиллагааг зохион
байгуулдаг уламжлалтай.
16
настны төлөөлөл, Баруун-Урт сумын гуравдугаар сургуулийн сурагч М.Дөлгөөнтамир хэлэхдээ, Би өнөөдрөөс эхлэн жинхнээсээ Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрхтэй
болж байна. Энэ бол хүүхэд насаа үдэж зөв төлөвшилтэй, шударга иргэн байхыг минь сануулсан үйл явц гэж харж байна. Иргэний үнэмлэхээ гардан авах тэр мөчид илүү их хариуцлага надад ирж байгааг
мэдэрлээ. Тиймээс энгийн үйлдлээрээ ч гэсэн дүү нартаа, үе тэнгийнхэндээ зөвөөр үлгэрлэсэн иргэн байхыг найз нөхдөдөө уриалмаар байна гэж гэв.

МЗХ-оос
санаачлан зохион байгуулдаг Иргэний андгай өргөх ёслолыг 23 дахь жилдээ улс орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар аймаг
тус ёслолыг 2016 оноос
хойш тогтмолт зохион байгуулж хэвшжээ.
Энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд 900 орчим хүүхэд 16 нас хүрч байна.


Ulaanbaatar