Н.Цэрэнбат:Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2018-07-04 16:43:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурлын хүрээнд өнөөдөр БОАЖЯ-наас “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах нь” тусгайлсан арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь хог хаягдал, уул уурхайн олборлолт зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн уур амьсгалд орж буй өөрчлөлт, түүнээс үүдэлтэй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх гарц, гаргалгааг тодорхойлох зорилготой юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Монгол Улсад байгалийн нөөцийн ашиглалт зүй зохисгүй явж ирснээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байна. Тиймээс БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, ил задгай хог хаяхгүй байх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн хог хаягдлыг дахин боловсруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор БОАЖЯ-наас Эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хуулийн төслийг баталснаар хог хаягдлыг дахин боловсруулсан аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих эрхзүйн орчин бүрдэнэ. Тухайлбал, дахин боловсруулах үйлдвэрүүдээс авсан татварын 50 хүртэлх хувийг буцаан олгодог байх зэрэг зохицуулалтуудыг тусгах юм. Засгийн газраас 2019 оны гуравдугаар сараас эхлэн нэг удаагийн нийлэг материалтай уут ашиглахыг хориглох шийдвэр гаргасан. Мөн барилгын хатуу хог хаягдлыг боловруулах үйлдвэр барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дэлхий нийт гамшгаас үүссэн хог хаягдал буюу нурсан барилгын материалыг ашиглан зам, үерийн далан барьдаг. Бид дэлхий нийтийн энэхүү тэргүүн туршлагыг суралцахаас гадна байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулах болно” гэлээ.
Ч.Ариунболд
相关新闻