Сонгино сумынхан “Адуучин” тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Сонгино суманд тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар МҮОНТВ-ийн "Адуучин", “Морьтой Монгол аян" нэртэй нэвтрүүлгийг бэлтгэжээ. Энэ үеэр Сонгино сумын иргэд наян настай буурлаас найман настай балчир хүртэл монгол дээлээрээ ижилсэн гоёж мориныхоо зүсийг ижилсүүлэн баярын жагсаал хийжээ.
Мөн үеэр морины уналга, уяа сойлго тааруулах, морин дээрээс уурга шүүрэх болон Монгол адуучдын эр зоригийн шалгуур “Адуучин” тэмцээнийг зохион байгуулсан байна. Монгол адуу, монгол ёс заншил уламжлалаараа гоёх, дээдлэх, хүндлэх бахархлыг төрүүлсэн тус арга хэмжээний үеэрх үйл явдлыг Сонгино сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, гэрэл зурагчин Н.Сүхбат гэрэл зургийн дурандаа буулгажээ. Тэрээр уг үйл явдлын гэрэл зураг, нийтлэлийг цувралаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах тухайгаа мэдээллээ. Ийнхүү түүний гэрэл зургийн дээжээс хүргэж байна.
Б.Мягмарсүрэн











