Соёл спортын цогцолборын барилгын ажил удаашралтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Соёл спортын цогцолборыг барьж дуусгахад 900 сая төгрөг шаардлагатай байна.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд барьж байгаа “Соёл спортын төвийн цогцолбор барилга барих” ажлыг “Аж констракшн” ХХК-тай 2011 оноос гэрээ байгуулан барилгын ажил эхэлсэн байна. Харин гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчиж ажлаа дуусгалгүй орхисон аж. Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 01 дүгээр сард авсан санхүүжилтийнхээ дагуу ажлаа бүрэн дуусгаагүй учир үлдсэн ажлын зардлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа ажээ. Нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанууд, шүүхэд гаргасан гүйцэтгэгчийн хүсэлтүүд зэргээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж байна аймгийн ЗДТГазраас мэдээллээ. Холбогдох хуульд зааснаар шүүхээр маргааныг шийдвэрлэсний дараа үлдсэн ажлыг гүйцэтгэх аж ахуй, нэгжийг сонгон шалгаруулах учиртай юм байна. Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахад 900 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.
Д.Мишигсүрэн