ӨМНӨГОВЬ: “Дэмчогийн эгшиг" наадамд яруу найрагч М.Уянсүх түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-14 12:54:44

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршдог Дэмчогийн хийдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дэмчогийн чого хурах үйл ажиллагаа энэ сарын 10-12-ны өдрүүдэд боллоо.


Тус үйл ажиллагааг "Эхийн ачийг хариулах өдөр"-т зориулан зохион байгуулдгаараа онцлогтой. Өдөрлөгийн хүрээнд хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, үндэсний шагайн харваа, яруу найргийн наадам зэрэг үйл ажиллагааг зохион явуулсан юм.


“Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд 78 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймаг, Дундговь, Завхан, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Дархан-Уул, Өвөрхангай, Улаанбаатар хотын 21 шилдэг яруу найрагч шалгарч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Үлэмжийн чанар" соёлын төвд шүлгээ уншлаа.


Гуравдугаар шатанд 10 найрагч тунан үлдэж өрсөлдсөнөөс наадмын тэргүүн байрт “Насан мөнхийн өнө мөнх тэнгэр” шүлгээрээ Дархан-Уул аймгийн харьяат Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Мулцангийн Уянсүх, “Тайхар чулууны дэргэдээс тэнгэр ширтэхүй” шүлгээр дэд байрт Завхан аймгийн харьяат яруу найрагч Аюушийн Анхбаатар, “Гэрэл гэгээнд хүрнэ” шүлгээрээ гутгаар байрт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, СТА, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Төмөрийн Батхүрэл, “Зүүдэн харшид” шүлгээр тусгай байрт Хөвсгөл аймгийн харьяат МЗЭ-ийн шагналт, зохиолч Лхамсүрэнгийн Торой, “Дээд амгалангийн цагаан цэцэг” шүлгээрээ Дундговь аймгийн харьяат яруу найрагч Андрейн Сүглэгмаа нар тус тус эзэллээ.


Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт СГЗ, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, СГЗ, яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, СГЗ, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх, МЗЭ-ийн шагналт,  яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах, ерөнхий шүүгчээр МУИС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа нар ажилалаа.


Хүчит бөхийн барилдаан 24 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Улсын заан Ц.Одбаяр түрүүлсэн бол Ханбогд сумын харьяат сумын нэмэх начин Дашжамц үзүүрлэлээ. 


Нумт харвааны тэргүүн байрт Ханбогд сумын аймгийн гоц мэргэн Ц.Буянт ахлагчтай баг, дэд байрт аймгийн гоц мэргэн Б.Эрдэнэ ахлагчтай баг, гутгаар байрт аймгийн гоц мэргэн Р.Энхжаргал ахлагчтай баг тамирчид эзэлжээ.



Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнийн санаачилгаар “Эхийн ачийг хариулах өдөр”-т зориулан Дэмчогийн хийдэд түшиглэн “Дэмчогийн чого” соёлын үйл ажиллагааг зохион байгуулж жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд говийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа болгох алсын хараатай ажиллаж байгаа юм.

 

"Дэмчогийн эгшиг-2" яруу найргийн наадмын гутгаар байрт орсон Өмнөговь аймгийн Булган сумын харьяат СТА, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэлийн “Гэрэл гэгээнд хүрнэ” шүлгийг хүргэж байна.




                      Гэрэл гэгээнд хүрнэ

Дэлхийн цөмөөс гадагшлан түрэх хавар эртийн нялх ногоо

Дээлийн хаваас ханзрах шиг газрын зулайг сөхөөд

Дэглий ягаан үүлсийн нойтон өехийг гижигдэж

Дэнжийн оройд ганхах шиг гэрэл гэгээнд хүрнэ

 

Сэвхэт өндөгний хальсыг хага тийрсэн жигүүртэн

Сэтгэлийн хэц татах шиг уулсын оройг холбоод

Сэтэрт цагаан сарны туулайн зүүдний нууцыг тайлж

Сэрүүн өглөөний тэнгэрт жиргэх шиг гэрэл гэгээнд хүрнэ

 

Усан тивийн гүнд орхигдсон үй түмэн түрс

Уран бүжиг дэглэх шиг эвийн хоёр загас болоод

Урсгал түргэн мөрний усыг тэнгэрт амсуулж цэнгээд

Урьдын цаг хугацааг залгилах шиг гэрэл гэгээнд хүрнэ

 

Үлгэрт итгэж сансарын мянган оддын дунд нисэх хүү

Үзэсгэлэнт гүнжийн инээмсэглэл шиг жаргал өвөртлөөд

Үдшийн гялааны үйрмэг долгисыг сацруулан шидэлж

Үнэн тунгалагаар инээд асгах шиг гэрэл гэгээнд хүрнэ

 

Судрын шаргал хуудсанд бичигдсэн алтан үсэгнүүд

Сүм суврага сүндэрлэх мэт шид идийн гэгээрэлд хувилаад

Суу төгс хутагтуудын билиг сургаалийн мөн чанарыг таниулж

Суусар торгон баринтагаар өлгийдүүлэх шиг гэрэл гэгээнд хүрнэ

 

Маргаашийн тэнгэрээс жингүйдэн будрах цасан ширхэгүүд

Маргад эрдэнийн чулуу мэт хүмүүний тэргүүнд тухлан гялтагнаад

Мянга мянган өдрүүдийг шүлэг мэтээр оюун санаанд тэмдэглэж

Маргашгүй үнэнээр ертөнцийн жамыг тунхаглах шиг гэрэл гэгээнд хүрнэ

 

Доодсын дунд өлмий тэнцэн хөлд орсон хосгүй билэгт хөвүүн

Домгийн нэгэн шувуу нисэн ирэх мэт бурхадын сэнтийд залраад

Дорнын говь,  Галбын хэцэд  төгс гэгээрлийн орныг сүндэрлүүлж

Догшин хутагт ижийнхээ ачыг хариулах шиг гэрэл гэгээнд хүрнэ ээ

 

Бэлгэс хадны оройг нарны алтан утас уулга алдан тэврэх  шиг

Бийрийн ширхэг үснээс түмэн агт сэрэн нэгэн шүлэг төрөх шиг

Бүрэнхий үдшийг гэрэлтүүлсээр ганц цагаан тэмээтэй хүмүүн  наашлах шиг

Бий бүхнээрээ, буй биеэрээ гэрэл гэгээг хүснэ гэрэл гэгээнд хүрнэ.

 

相关新闻