Булганд үр тарианы соёололт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-20 19:47:45
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 46,8 мянган га талбайд тариалалт хийж, улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт дуусч байна. Харин сүүлийн үед бороо хур орж газар дэлхий дэлэгнэж эхэлснээр тэжээлийн ургамал тариалалт нэмэгдээд байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга, аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяраас тодрууллаа.
- Энэ хаврын тариалалт шувтарч байна. Үр дүн ямар байна вэ?
- Манай аймгийн тариаланчид энэ жилийн үр тариа, төмс хүнсний ногооны тариалалт  амжилттай хийж дуусгалаа. Одоогоор үр тариа 95,5 хувьтай буюу 41500 га талбайд үр суулгаад байна. Үүнээс улаанбуудай 40965 га-д тарьсан. Төмс хүнсний ногооны тариалалтын дүн мэдээ эцэслэж гараагүй байгаа ч гэсэн ажлын явц сайн байгаа.
Төмс 258,6 хүнсний ногоо 133 га-д тариалсан. Цаг агаар тааламжтай сайхан хуртай байгаа учраас ногоон тэжээл ид тарьж байна. Малын тэжээл тариалалт нэмэгдэж, 270 га-д ногоон тэжээл, 4690 га-д тосны ургамал буюу рапс тариалсан.
- Бусад үр тарианы тариалалтын тухайд?
- Хоёрдогч үр тариа нэлээд хэмжээгээр тариаллаа. Арвай, овъёос, бог будаа, хөх тариа, гурвалжин будаа нийтдээ 600 га-д тариалсан байгаа. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бог будааг Сэлэнгэ, Хангал суманд 28 га талбайд тариалсан.
Мөн эмийн ургамал Дашинчилэн суманд тарьсан. Нийтдээ 10-аад төрлийн эмийн ургамлыг 3,1 га-д тарьсан юм.
- Манай аймагт “Жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн жил “Чацаргана” төсөл хэрэгжүүлж нэлээд хэмжээний тариалалт хийсэн. Энэ жил жимс жимсгэний тариалалт ямар байв?
- “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд жимс их хэмжээгээр тариалсан. 15000 ширхэг үхрийн нүд, 400 ширхэг чавга алимны суулгац суулгалаа.
- Үр тарианы соёололт ямар байна вэ?
- Аймгийн дүнгээр гайгүй сайн байна. Урд бүсийн өнгөрсөн жил гантай, хөрсний чийг муутай байсан Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн суманд тариалалт хийсэн. Эдгээр суманд жаахан гандуухан соёололт алаг цоог байгаа. Саяхан зарим нутагт бороо орсон.
- Өнгөрсөн онд зарим аж ахуйн нэгжүүд ургац алдсан. Энэ хаврын тариалалтад ямар технологи, бодлого гаргаж хэрэгжүүлсэн бэ?
- Энэ жил цаг агаарын урьчилсан байдлаар бас гандуу байна гэсэн төлөвтэй байсан. Үүндээ тохируулаад тариаланчид, газар тариалангийн мэргэжилтнүүд сэрүүндүү өндөрлөг бүстээ тариалалтыг эрт эхэлж, тариалаад гандуу байсан нутагтаа оройдуу буюу бороо угтуулж тарьсан. Үрийн нормоо жаахан багадуу хийгээд тариалсан. Харин гуурсанд тариалах нь найдваргүй гэж үзээд уриншдаа 100 хувь тариалалт хийж байгаа.
М.Батжаргал

相关新闻