Спортоор дамжуулж оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд Монголын Тусгай Олимпийн хорооноос хэрэгжүүлж буй "Хамтарсан фитнесс хөтөлбөр"-т 27 хүүхэд амжилттай хамрагджээ. Энэхүү хөтөлбөрийг Завхан Спиннинг клуб, Монголын тусгай олимпийн хороотой хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд зургаан сарын турш хэрэгжүүлсэн байна.
Хөтөлбөрт оюуны бэрхшээлтэй 17 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сайн дурын 5-12-р ангийн 10 сурагч хамтдаа хамрагджээ. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд бие бялдар, сэтгэлзүйн хувьд ахисан шатанд хүрсэн төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй, найз нөхөд болох, тэднийг ойлгох дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд илүү өөртэй итгэлтэй болжээ. Хөтөлбөрийн зорилтот хүүхдүүд долоо хоногт гурван өдөр олон талт фитнес хичээлд хамрагдаж байсан бөгөөд бие бялдрын хувьд ч маш том өөрчлөлт орсон. Энгийн хүүхдүүд маань энэ хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгоход санаачлага гаргаж байсан. Тухайлбал хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдтэй хамтран хичээлийн бус цагаар олон нийтийн сайн дурын үйл ажиллагааны нэг баг болж оролцож байсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхахгүй байх, олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадварыг ойлгуулсан сайн жишээнүүд бий. Энэ зуныг хөтөлбөрийн хүүхдүүд хамтдаа өнгөрөөх зорилгоор орон нутгийн зусланд амрах гэж байна. Цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэхдээ илүү олон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахыг зорьж байгаа талаарх мэдээллийг Монголын тусгай олимпийн хорооны Завхан дахь сайн дурын ажилтан өглөө.
Б.Мягмарсүрэн