Хуванцар савны хор хөнөөлийн талаарх мэдээлэл, сурталчилгаа үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-19 23:53:19

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хуванцар савны хор хохирол, хэрэглээг хязгаарлах талаарх ээлжит хяналтыг явуулж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Хяналт судалгаанд Улиастай сумд 5000 орчим айл өрхийн 70 гаруй хувь нь хуванцар саваар ундны усаа зөөвөрлөдөг бол 60 хувь нь байнга, цэцэрлэг, сургууль болон хоолны газруудын 50 хувь нь хуванцар савыг байнга хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
"Өнгөрсөн жил судалгаанд хамрагдсан иргэдийн 87 хувь нь хуванцар сав хэрэглэдэг, ундны усаа зөөвөрлөдөг гэж байсан. Харин энэ жил 10 гаруй хувиар буурсан сайн дүн байна. Мөн бид өнгөрсөн жил цагаан идээ зөөвөрлөж борлуулдаг худалдаачид малчид болон иргэдэд хуванцар савны хор хөнөөлийн талаарх мэдээллийг өгч байсан. Гэтэл энэ жилийн тандалтаар худалдаачид хуванцар саваар сүү цагаан идээг зөөвөрлөдөг нь мөн л багассан сайн үзүүлэлт гарсан. Харин гэртээ иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь хэвээр байна. Мөн хэрэглээг дагаад хуванцар савыг худалдан борлуулах явдал хөдөө орон нутагт их байсан бол энэ төрлийн бизнес хийдэг худалдаачид борлуулалт багассан тухай мэдээлж байна. Тиймээс бид жил бүр зургадугаар сард хуванцар савны талаарх мэдээллийг иргэдэд өгч судалгаа тандалтыг хийж байхаар төлөвлөж байна. Ер хүнсний зориулалтын бус хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр шилжиж, хадгалалтын хугацаа уртсах тутам шилжилтийн хэмжээ нэмэгдэж байна. Уг бохирдсон хүнсээр дамжиж хар тугалга болон бусад химийн бодисууд хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, бусад эд эрхтэнд өвчлөл үүсгэх эрсдэлтэй" хэмээн аймгийн МХГ-аас мэдээллээ. Сонирхуулахад  хэрэглээнд хэдийнээ гарсан хуванцар савыг иргэн та хэрэглэх гэж байгаа бол “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй . хүнсний зориулалтын бус хуванцар савыг цаашид хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг аль болох хэрэглэхийг багасгах. Мөн “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй байдаг тухай мэргэжлийн байгууллага дахин сануулж зөвлөж байна.

Б.Мягмарсүрэн


相关新闻