Завханд 15 удаа хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг дөрөвдүгээр сараас эхлэн нийт 15 удаа явуулж хур тунадас нэмэгдүүлжээ. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Завхан-бороо-1 экспедиц зургаан удаа, Завхан-бороо-2 экспедиц дөрвөн удаа, ноцоох зуухаар таван удаа тус тус явуулжээ.
Завханы нийт нутгаар нэгдүгээр сард агаарын дундаж темдератур олон жилийн дунджаас хүйтэн, хоёрдугаар сард олон жилийн дунджийн орчим, гурав, дөрөв, тавдугаар сард олон жилийн дунджаас дулаан, зургадугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас орсон, хуурайшилт, салхи ихтэй байна. Ирэх долоо, наймдугаар саруудад аймгийн нийт нутгаар агаарын температур олон жилийн дундаас дулаан, хур тунадасны хувьд хойд болон зүүн чиглэлийн 13 сумд олон жилийн дунджийн орчим хур тунадас орох бол говийн бүсийн болон урд бүсийн сумдад олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвлөгөөтэй байна. Энэ саруудад зарим үед дуу цахилгаантай ширүүн бороотой. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй. Говийн сумдаар хуурайшилт ихтэй, гандуу байгаа. Аймгийн хэмжээнд цаг агаарын масс мессежийг 12 удаагийн давталтаар нийт 100604 хүний гар утсанд түгээн ажилласан байна хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Б.Мягмарсүрэн