Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт дөрвөн тахь нутагшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-19 09:03:52
Ховд/МОНЦАМЭ/ "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулахаар энэ сарын 20-ний өдөр авчрах гэж байна.  Тахь нутагшуулах үйл ажиллагаанд оролцохоор Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүлээн авч уулзлаа.
Олон Улсын Тахь Групп нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авчран тэндээсээ машинаар нутагшуулах газарт хүргэх юм. 
Уг хөтөлбөрийн хүрээнд өмнө 2015 онд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн дөрвөн гүүг Ховд аймаг дахь Тахийн талд нутагшуулж байсан юм.  Энэ ажилд Чехийн элчин сайдын яамны зүгээс тээвэрлэлтийг цэргийн онгоцоороо хийлгэж тусалсан бөгөөд тээвэрлэлтийн зардлыг Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн гаргаж байжээ. Прагийн амьтны хүрээлэнгийн зардлаар тахийн сүргийг онгоцоор тээвэрлэн Тахийн талд дөрвөн удаа тахь нутагшуулж байгааг албаныхан хэлж байлаа. Сүүлийн таван жилд Чех Улсын амьтны хүрээлэнгээс 23 тахийг зургаан удаа онгоцоор авчран Монголд авчирч нутагшуулаад байгаа юм.

Ингэхдээ тахийг  тусгай нислэгийн онгоцны буудлаас Чехийн зэвсэгт хүчний CАSА агаарын хөлгөөр Ховд аймгийн Булган суманд авч  ирж байсан байна. 
 
Олон Улсын Тахь Групп нь 2011 оноос хойш нийт 28 тахийг эх нутагт нь тээвэрлэж, нутагшуулсан бөгөөд одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг болон орчны бүсэд 230 орчим тахь нутагшиж байна.
А.Бямбасүрэн
 

相关新闻