"Бүтэн зүрх" аянаар 45 сая төгрөг цуглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг “Бүтэн зүрх” аян өрнүүлж 90 хүүхдэд зориулж 45 сая төгрөгийн хандив цуглуулаад байна. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 оны 10 дугаар сараас "Бүтэн зүрх" хөдөлгөөнийг санаачлан өрнүүлжээ. Энэ хугацаанд сайн үйлсийн төлөө нэгдэж чадсан олон байгууллага, ард иргэдийн дэмээр Завхан аймгийн бүтэн өнчин 90 хүүхдэд тус бүр 500.000 төгрөг буюу нийт 45 сая төгрөгийн хандив цуглуулжээ.
Эдгээр хандивын мөнгийг аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагууд хүүхдүүдэд тэмдэглэлт баяр ёслолын үеэр болон уралдаан олимпиад тэмцээний үеэр гардуулан өгчээ. Тэрээр өөрийн нэрэмжит математикийн олимпиад “Оюуны наадам”-ынхаа үеэр бүтэн өнчин хүүхэд бүрт хагас сая төгрөгийн орлоготой хадгаламжийн дэвтрийг батламжийн хамт гардуулсан байна. Тодруулбал математикийн олимпиадад хойд бүсийн 12-р ангийн сурагчдаас эхний байруудыг бүтэн өнчин хүүхдүүд эзэлсэн юм байна. Мөн Нөмрөг сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Б.Самбуу, Б.Норов нар энэ жилийн олимпиадаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр хоёр дахь удаагаа тэнгэрийн оронд байгаа ижий аавдаа "Манлай эцэг эх"-ийн шагналыг хүртээсэн байна.
Амьдралын хүндийг сэтгэлийн тэнхээгээр туулж яваа бүтэн өнчин хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлах, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх, амьдралд нь гэрэлт ирээдүй бэлэглэх зорилготой энэ аян одоо ч үргэлжилж байгаа ажээ. Тиймээс хүн бүр эдгээр хүүхдүүдийн хадгаламжинд сэтгэлээрээ хандив өргөж, хамтран ажиллахыг аймгийн Засаг дарга уриалаад "Би зургаан настайдаа аавыгаа, 12 настайдаа ижийгээ алдаж бүтэн өнчин амьдралаар өссөн учраас та бүхний сэтгэлийн гүн дэх уйтгар гуниг, шаналалыг маш сайн мэднэ. Бүтэн өнчин хүүхдүүд хэзээ ч шантарч болохгүй, өөртөө өндөр шаардлага тавьж, зөвхөн өөртэйгөө тэмц. Өөрийгөө ялж чадсан цагт амжилтанд хүрдэг юм” хэмээн хүүхдүүдэд урам хайрлажээ.
Б.Мягмарсүрэн