“Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-26 21:43:47
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Х.Сэргэлэнбатын  “Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнг эх орон даяар сонирхуулах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын Яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл санаачлан хэрэгжүүлж төрсөн нутгаасаа эхлүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас жилээс жилд өөрчлөгдөж байгаа байгаль дэлхийгээ хайрлах, өвлүүлэн үлдээх зорилгоор дэлхийд болон манай оронд ховордож устах аюулд орсон ан амьтны тухай үзэсгэлэн гарган хүүхэд, залуучуудад сурталчлахыг эрхэмлэж байгаа юм байна.
- Энэ үзэсгэлэнд нэн ховор 15 амьтаны зураг орсон. Мөн эх орныхоо жилийн дөрвөн улирал харуулсан бүтээл бий. Улаан номонд орсон 33 амьтан байгаа. Түүнээс 19-ийнх нь зургийг авсан байгаа. Хүрэн баавгайн зургийг авах гэж 10 хонож байсан гэж гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат ярилаа.
Монгол орны үзэсгэлэнт газар, зэрлэг ан амьтан, ховор ургамал, тусгай хамгаалалттай газар нутгийн зургаар дагнасан үзэсгэлэн бөгөөд танин мэдэхүйн ач холбогдолтой видео үзүүлэнтэйгээрээ онцлог гэж зохион байгуулагчид үзэж байна.
М.Батжаргал

相关新闻