Тусгай хамгаалалтай газрын захиргаа унаа, тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-24 16:40:56
Булган /МОНЦАМЭ/ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийн хүрээнд Булган аймгийн Рашаант сум дахь Хөгнө тарны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд унаа, тоног төхөөрөмж өгсөн байна.
- Манай байгууллагад бартаат замын 4 мотоцикл, 62 ширхэг судалгааны багаж хэрэгслийг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл гардуулж өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих, хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай гүйцэтгэхэд эдгээр тээврийн хэрэгсэл, хээрийн судалгааны тоног төхөөрөмжүүд нь чухал ач холбогдолтой гэж Хөгнө тарны байгалийн цогцолборт газрын захиргааны дарга Д.Эрдэнэчимэг ярилаа.
Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд манай орны уур амьсгалын өөрчлөлтөнд голлон анхаарч биологийн олон янз байдлын хамгаалал, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудал тусгагдсан юм.
ХБНГУ-ын Засгийн газраас “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийг хэрэгжүүлэх II үе шатанд 19,5 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Төв, Хангай, Зүүн бүсэд хэрэгжүүлэхээр болсон байна.
М.Батжаргал

相关新闻