Үндэсний спортын бага наадам энэ сарын 25-27-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний спортын зургадугаар бага наадам энэ сарын 25-27-нд Баянхонгор хотноо болохоор товлогджээ.
Баянхонгор аймгийн гаралтай, улс аймгийн алдар цолтой тамирчид оролцох тус наадмыг Баянхонгор аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Сурын холбоо, Шагайн харвааны холбоо, Хонгорын хурд МСУХ хамтран зохион байгуулах юм байна.
Бага наадмыг 21 аймаг зургадугаар сардаа багтаан зохион байгуулж, Үндэсний спортын VI их наадмыг наймдугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа ийнхүү зохион байгуулж, шилдгүүд Улаанбаатар хотноо шигшээ тэмцээнд оролцоно гэсэн үг юм.
Үндэсний спортын VI их наадмыг зуны спортын 10, өвлийн спортын дөрвөн төрлөөр зохион байгуулах бөгөөд зуны спортын төрөл Үндэсний бөх, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, Буриад сур, Урианхай сур, Уламжлалт сурын харваа, Шагайн харваа, Ширээний шагай, Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт, Жороо морины уралдаан гэсэн төрлүүдээр наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдах юм байна.
Монголын уламжлалт Үндэсний спортын төрлүүдийг сонирхогч гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, гадаад орны жуулчдын сонирхлыг татан өргөнөөр хамруулан оролцуулах, өөрийн орны хүүхэд, залуучууд, иргэдэд үндэсний спортын уламжлалт зан заншил, өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор тус наадмыг хийдэг аж.
Б.Мөнхзул