Аймгийн Засаг даргыг 63,5 хувийн саналаар огцруулсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-19 10:38:54
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан аймгийн Засаг дарга З.Батзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 63,5 хувийн саналаар огцруулах саналыг дэмжсэнгүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь буюу 15 төлөөлөгч Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн.
ИТХ-ын санал гаргасан төлөөлөгчид “Чацаргана” төслийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хууль зөрчсөн, аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажлын байраар хангах зорилтын хэрэгжилт хангалтгүй, төрийн албанд зарим хүмүүсийг хууль зөрчиж томилсон, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хандивын үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, захиран зарцуулсан гэсэн үндэслэлээр уг саналыг гаргасан юм.
Аймгийн түүхэнд анх удаа Засаг даргыг сонгуулийн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
М.Батжаргал

相关新闻