Завханы таван сумын сургуулийн захирлыг томилох шийдвэрийг гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хуралдаж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж зарим сургуулийн захирлыг томилох санал хүргүүлжээ.
Тухайлбал энэ хурлаар төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайланг хэлэлцээд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар Б.Мөнхбатыг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн байна. Мөн Дөрвөлжин сумын сургуулийн захирлаар Б.Амаржаргалыг, Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Г.Байгалмааг, Цэцэн-уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар С.Ганболдыг, Шилүүстэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар А.Гарамсүрэнг, Яруу сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Б.Цэнд-Аюушийг тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлсэн байна. Тухайн албан тушаалд нэр дэвшсэн иргэдийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд холбогдох заавар зөвлөгөөг өгсөн байна. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Ойн ангийн даргын албан тушаал, Улиастай сумын Жинст багийн түшмэлийн албан тушаалд “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалт”-нд бүртгэлтэй иргэдийг тус тус томилсон байна.
Б.Мягмарсүрэн