Түймэрт өртсөн айлд иж бүрэн гэр, сая төгрөгийн тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-15 17:01:53
Ховд/МОНЦАМЭ/Энэ  он гарсаар Ховд аймгийн хэмжээнд  гал түймрийн 18 удаагийн дуудлага Онцгой байдлын газар  бүртгэгдсэн мэдээтэй байна. Хамгийн сүүлд  05 дугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Б.Ж-д аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр,  сая төгрөгийн тусламж үзүүллээ.
Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулж өгөв. Гал түймэр хур бороо багатай, хуурайшилт ихтэй байгаагаас гадна, иргэд цогтой үнс нурмаа ил задгай асгах, өвлийн улиралд автомашинаа бамбардаж халаах, пийшин зуухны аюулгүй байдал алдагдсан, бага насны хүүхдүүдийг хараа ханалтгүй орхисон зэргээс шалтгаалан гарч байна.
Иймд галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх,шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах), байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох замыг чөлөөтэй байлгах, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 А.Бямбасүрэн
 

相关新闻