Цахим орчны нөлөө хүүхэд гэмт хэрэгт холбогдох нэг шалтгаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-12 14:59:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хүүхэд үйлдсэн гэмт хэргийн ихэнх нь хулгайн гэмт хэрэг байна. Өнгөрсөн оны байдлаар 7 гэмт хэрэгт 7 хүүхэд холбогдон шалгагдсаны хулгай 3, иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 3, хүчингийн гэмт хэрэг 1 гарчээ. Сүүлийн жилүүдэд интернэт орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр:
- Хүүхэд гэнэн цайлган учраас гэмт хэрэгт холбогдох магадлал өндөртэй. Нэн ялангуяа цахим ертөнцөөс сайн, муу бүхий л мэдээллийг авдаг боллоо. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд сургуулийн хоёр ч хүүхэд сураггүй алга болсон. Энэ шалтгаан, нөхцөл байдлыг судалж үзэхэд цахим орчин фэйсбүүкээр хамаагүй хүнтэй танилцаж, уруу татагдан хэд хоногоор гэрээсээ явсан байсан. Үүнээс болоод ар гэр нь цагдаагийн байгууллагад хандаж эрэн сурвалжлах ажлыг аймаг бүс нутаг Улаанбаатар хотын хэмэээнд явуулж, хайж олсон. Энэ нь хүүхэд гэмт хэргийн золиос болох, хүний наймаанд орох, өөрөө гэмт хэрэгтэн болох зэрэг нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх зохилцуулах зөвлөл өсвөр насны хүүхдүүдийн дунд нэлээд арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэж ярилаа.
Цагдаагийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Өсвөрийн сэргийлэгч 2018” тэмцээнийг зохион байгуулах, цахим гэмт хэргээс сэргийлэх, кибер гэмт хэрэгт өртөх эрсдлээс урьдчилэн сэргийлэх чиглэлээр нийтийг хамарсан үр дүнтэй арга хэмжээг авах, сургуулийн нийгмийн ажилтан төдийгүй эцэг эхчүүд цагдаагийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулах, тэдгээрийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон талт ажлуудыг тус тус төлөвлөсөн байна. 
М.Батжаргал

相关新闻