"Оюуны наадам"-ын шилжин явах цомыг Дэвшил сургууль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит математикийн 16-р “Оюуны наадам” хоёр үе шаттайгаар болж өндөрлөлөө. Оюуны наадам нь ерөнхий боловсролын сургуулийн 4-12-р ангийн суралцагчид, математикийн мэргэжлийн багш нар, математикаас бусад мэргэжлийн багш нар, эцэг эхчүүдийн гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулжээ.
Математикийн 16-р “Оюуны наадам”-д Завхан аймгийн 24 сумын зургаан бүс, хоёр аймгийн ерөнхий боловсролын 31 сургууль, Увс аймгийн Өмнөговь, Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 3757 суралцагч, багш, эцэг эхчүүд амжилттай оролцож шилдгүүдээ тодрууллаа. Олимпиадын ерөнхий шүүгчээр Улаанбаатар хотын “Шинэ үе” ерөнхий боловсролын сургуулийн математикийн тэнхмийн эрхлэгч, математикийн улсын үнэмлэхүй аварга н.Дайвий-Од тэргүүтэй тус сургуулийн математикийн багш нар ажилласан байна.
Завханы зургаан бүсээс үнэмлэхүй аварга суралцагчдыг тодрууллаа
Математикийн 16-р “Оюуны наадам”-ын нэгдүгээр шатны олимпиадыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын наймны хооронд бүсчилэн зохион байгуулж, 3201 суралцагч, багш, эцэг эхчүүд амжилттай оролцлоо.
Үүнээс Улиастай сумын төвийн бүсийн сургуулиудаас Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль найман алт, 12 мөнгө, 12 хүрэл медаль, тусгай байрын шагнал дөрвийг хүртэж тэргүүн байр эзэлжээ. Харин удаах байранд Дэвшил сургууль, Жавхлант цогцолбор сургууль, III сургууль, IV сургуулиуд оржээ. Харин Улиастайн төвийн бүсийн үнэмлэхүй аваргаар Жавхлант цогцолбор сургуулийн суралцагч Ж.Тамир, уран бодолтын аваргаар Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн суралцагч н.Баттүшиг, Манлай эцэг, эхээр Д.Батбаясгалан нар шалгарлаа. Мөн Зүүн бүсийн сургуулиудаас медалийн тоогоороо Тосонцэнгэл сумын I сургууль, говийн бүсийн сургуулиудаас Завханмандал сумын сургуулиуд тэргүүлжээ. Говийн бүсийн үнэмлэхүй аваргаар Ургамал сумын сургуулийн суралцагч М.Нарангэрэл, уран бодолтын аваргаар Эрдэнэхайрхан сумын сургуулийн суралцагч Г.Өргөжих, Манлай эцэг, эхээр Завханмандал сумын иргэн Б.Пүрэвням нар тус тус шалгарлаа. Хойд бүсийн сургуулиудаас Тэс сумын Ерөнхий боловсролын сургууль медалийн тоогоороо тэргүүлж, хойд бүсийн үнэмлэхүй аваргаар Тэс сумын ЕБС-ийн суралцагч Б.Саруул, уран бодолтын аваргаар Тэс сумын сургуулийн суралцагч Д.Түвшинбат, Манлай эцэг, эхээр Тэс сумын иргэн С.Батбаяр нар шалгарчээ. Баруун хойд бүсийн сургуулиудаас медалийн тоогоороо Сантмаргаз сумын сургууль тэргүүлж үнэмлэхүй аварга сурагчаар Нөмрөг сумын сургуулийн суралцагч М.Чулуунбаатар, уран бодолтын аваргаар Сонгино сумын сургуулийн суралцагч М.Гэрэлчимэг, Манлай эцэг, эхээр Нөмрөг сумын иргэн П.Болдбаатар нар шалгарлаа. Харин урд бүсийн сургуулиудаас Шилүүстэй сумын сургууль медалийн тоогоороо тэргүүлж бүсийн үнэмлэхүй аварга суралцагчаар Шилүүстэй сумын суралцагч Б.Төмөрхуяг, уран бодолтын аваргаар Цагаанчулуут сумын сургуулийн суралцагч Х.Бямба-Очир нар шалгарлаа.
Шилдгээр Улиастай сумын Дэвшил сургууль шалгарлаа
Математикийн II шатны олимпиад тавдугаар сарын 9-ний өдөр Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль дээр зохион байгуулагдаж бүсээс шалгарсан 556 шилдэг суралцагч, багш нар, эцэг эхчүүд оролцож, оюун ухаан, эрдэм мэдлэгээ уралдууллаа.
Хоёрдугаар шат буюу шилдгүүд өрсөлдсөн олимпиадаас медалийн чансаагаар Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургууль тэргүүлж, Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль удаалсан байна. “Оюуны наадам”-ын Үнэмлэхүй аварга суралцагчаар Дэвшил сургуулийн 12-р ангийн суралцагч Д.Мядаг, Уран бодолтын аваргаар Жавхлант цогцолбор сургуулийн 6-р ангийн суралцагч Х.Зөнбилэг нар тодорчээ. Харин математикийн мэргэжлийн багш нарын олимпиадын аваргаар Улиастайн Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн багш С.Сарангэрэл, математикаас бусад мэргэжлийн багш нарын олимпиадын аваргаар Их-Уул сумын багш Г.Өлзийтулга, эцэг, эхчүүдийн олимпиадын аваргаар Улиастайн Дэвшил сургуулийн суралцагчийн эцэг, эх болох Э.Минжмаа нар тус тус шалгарчээ. Мөн дунд ангийн Манлай багшаар Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн багш Б.Нямдаваа, бага ангийн Манлай багшаар Дэвшил сургуулийн багш Д.Сарангоо, Манлай эцэг, эхээр мөн Дэвшил сургуулийн суралцагчийн эцэг эх Д.Идэрмөнх нар шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналыг тус тус хүртжээ.
Олимпиадад амжилттай оролцсон зарим суралцагчдад хонь бэлэглэв
Энэ жил 16 дахь удаагаа болсон “Оюуны наадамд оролцож буй хүүхдүүдэд урам өгөх зорилгоор дэмжигч иргэдээс өөрсдийн санаачлагаар сонин содон бэлгийг хүүхдүүдэд гардуулсан юм.
Тухайлбал олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд Баянтэс сумын Хачиг багийн харьяат, сумын аварга малчин Г.Эрдэнэбаатар хонь бэлгэлжээ. Тодруулбал олимпиадын хамгийн өндөр оноо авсан Баянтэс сумын сургуулийн 8-р ангийн суралцагч Б.Мөнхзулд 25 хонь, 7-р ангийн суралцагч А.Нямдаваад 20 хонь хувиасаа бэлэглэсэн байна. Мөн Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбаяр, Тэс сумын Засаг дарга Т.Ган-Од нар олимпиадад амжилттай оролцсон 4-р ангийн суралцагч Б.Саруул, 8-р ангийн суралцагч Б.Бат-Амгалан нарт тус бүрт нь хурдан удмын даага бэлэглэсэн байна.
Ийнхүү 2002 оноос хойш тасралтгүй 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа математикийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. “Оюуны наадам”-ын нэгдүгээр шатанд оролцогчид бүс тус бүрдээ 65 багц медалийн төлөө өрсөлдөж нийт 390 медалийг гардан авчээ. Харин төгсгөлийн шатанд оролцогчид 65 багц медаль, 17 цомын төлөө өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан сургууль шилжин явах цом болон Д.Маамын нэрэмжит “Уран бодолтын аварга”-ын “Батламж”-ийг хүртжээ. Завхан нутгийн өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Завхан нутгаараа овоглосон алдар цуутнуудыг бэлтгэн гаргах зорилготой оюуны наадамд жил бүр оролцож байгаа хүүхдүүдэд сурлагын амжилт хүсье. Мөн хүүхдүүдийнхээ сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжиж тэдэндээ цаг гаргаж сурах их үйлсэд нь хамтдаа байдаг эцэг эхчүүд болон ирээдүйн алдартай математикчдыг бэлтгэж буй багш нарт нь баяр хүргэе. Энэхүү “Оюуны наадам”-д боловсролын салбарын тулгын гурван чулуу болсон багш, сурагч, эцэг эхчүүд хамтдаа оролцдогоороо онцлогтой юм. Жил бүр наадамд оролцож буй хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарын тоо нэмэгдэж буй нь сайшаалтай бөгөөд бахархмаар амжилт юм хэмээн наадмыг зохион байгуулагч, санаачлагч аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ үеэр онцлов. Дашрамд дуулгахад математикийн “Оюуны наадам”-д оролцогчдын тоо жилээс жилд өсч, хөрш зэргэлдээ аймгуудын суралцагчид ирж, оролцож байгаа нь шударга өрсөлдөөнийг бий болгож, наадмын чанар чансааг улам сайжруулж байна. Мөн өнгөрсөн оны наадамтай харьцуулахад оролцогчдын тоо өнгөрсөн жилээс 131 оролцогчоор нэмэгдэж, оролцогчдын үзүүлсэн амжилт 11.2 хувиар өссөн байна хэмээн шүүгчид мэдээлэв.
Б.Мягмарсүрэн