Д.Пүрэвдорж: Залуучууд мотоцикл, машинаар малаа хоргоосон залхуу малчид болох вий дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-04 23:26:11

Завхан/МОНЦАМЭ/. “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Малчдын зөвлөлгөөн амжилттай болж өнгөрсөн билээ. Энэхүү зөвлөлгөөн нь аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд залуу малчдыг мал маллагааны арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон ажил юм. Ийнхүү зөвлөлгөөнд оролцож буй малчдаас сэтгэгдэл, малчдын арга туршлага, зөвлөгөөнөөс авсан мэдээлэл, туршлагыг хэрхэн яаж амьдралдаа нэвтрүүлэх гэж буй талаарх сонирхолтой ярилцлага авсныг цувралаар хүргэж байна. Энэ удаад Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн малчин, Аймгийн сайн малчин Д.Пүрэвдоржтой уулзаж ярилцсанаа хүргэе.
 
-Сайн байна уу? Аймгийн малчдын зөвлөлгөөн болж байна. Мэдээж энэ чуулганаас малчдыг их мэдээлэл сонсож мэдэж аваасай хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа. Таны хувьд сэтгэгдэл ямар байна?
-Тэгэлгүй яахав. Аймаг орон нутгаас малчдынхаа үгийг сонсож бас биднийг мэдээллээр хангаж байгаа нь маш их чухал юм. Энэ чуулганаас сонсохыг хүсэж байсан мэдээллээ хангалттай авлаа. Мэдэхгүй байсан зүйлээ мэдэж авч бас хөрш сумдынхаа үе тэнгийн малчдаас багагүй туршлага сонсож суух нь их аятайхан байлаа. Чуулгандаа малчид минь идэвхтэй оролцож байна. Бидэнд үгээ хэлэх, үзэл бодлоо хэлэлцэх, арга туршлагаа ярилцах, суралцах  ийм сайхан боломж тэр бүр олддоггүй ээ. Тиймээс аймгийн малчдын зөвлөлгөөнийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа аймгийн Засаг дарга болон түүний ажлын хэсэг, хамтран зохион байгуулж байгууллагуудад талархал илэрхийлж байна.
-Таны хувьд яг ямар мэдээллийг тогтож мэдэж авав?
-Жишээлбэл мал аж ахуйн бэлчээрийг зөв зохистой ашиглах, сүргийн бүтцийг зөв зохистой төвшинд барих гэх мэтийн зүйлийг их сайн мэдэж авлаа. Манайх 1300 гаруй толгой малтай. Одоо нэг зээтэйгээ эхнэр нэг хүүхдийн хамтаар мал маллаж байна. Малыг хүн бүлийн хүчээр малладаг. Энэ зөвлөлгөөнд оролцсоноороо малаа таваарлаг болгож, чанартай 500 толгой малтай байя гэж бодлоо. Бэлчээрийн даацад тааруулах нь зөв юм байна гэж ч бодож эхэллээ. Малчдын гарт малын бэлчээр, ус минь байгаа. Тиймээс бид зүй зохистой ашигласнаар их олон эерэг, сайн өөрчлөлтүүдийг авчрах юм байна гэдгийг ойлголоо. Учир нь мал хэт өссөнөөс бэлчээргүйдэж, хөрс дахин сэргэж ургах нь удааширч цөлжилт болох аюултай юм. Үүнийг дагаад ургамлын гарц багасч өнөөх бидний яриад байгаа ган зуд болох жишээний. Юм бүхэн уялдаа холбоотой юм. Тиймээс малчид боловсорч, мэдээлэлтэй болсноороо малынхаа тоо толгойг цөөлье гэж бодох вэ дээ. Өнөөдөр Шилүүстэй сумд 50 гаруй Буурал омгийн ухныг аваачиж  хээлтүүлэгт оруулан малынхаа үүлдэр угсааг сайжруулж байна.  Энэ нь малаас гарах түүхий эдийн гарц, аливаа ган зудад тэсвэр тэвчээртэй болох гэх зэргээр сайн үр нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.
-Та хэчнээн жил мал маллаж байгаа вэ? Өөрийн арга туршлагаасаа хуваалцаач?
-Би 40 гаруй жил мал маллаж байна. Хөдөлмөрийн баатар Бумбаа гэдэг хүнтэй ойр саахалт нутагладаг байлаа. Мөн аварга тууварчин н.Нямсамбуу гэсэн хүмүүсийн туршлагаас их зүйлийг сурч авсан даа.  Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчин бид нүүдэл зайлшгүй шаардлагатай. Отрын чанарыг бууриа сольж нүүсэн тоогоор биш, малын тарга, ногооны халдцаар үнэлдэг. Өвс, ургамал, ус, хужрын сор хаана байна дөрвөн улирлаар тэнд нүүдэллэж отор хийх нь малчин хүний гол ажил олз юм гэж Хөдөлмөрийн баатар малчин хэлж байсан.  Ер нь отрын бэлчээрт яваа мал ургамлын аль сайныг олж идэж, усны тунгалгийг уудаг. Отор олон янз. Тухайлбал, малаа ногоолуулж тэнхрүүлэх. таргалуулах, авсан тарга хүчийг тогтоох гээд олон янзын отор хийдэг дээ. Тухайлбал хавар уулын энгэр, гуу жалга мэт зөөлөн хөрстэй, нөмөр газар хамгийн эрт агь нүдэлж, ургадаг ийм газраар хонио оторловол хаврын ядарч туйлдсан мал амархан тэнхэрнэ. Хавар аль болохоор эрт ногоо идүүлж чадбал тэнхэрсэн мал тэр чанараараа сайн таргалдаг. Ер нь мал тэнхрүүлэх ажлыг цасан доорх амт чанартай өвс идүүлэхээс эхэлбэл сайн байдаг.  Ногоо нялх үед өдөр бүр услах гэсний хэрэггүй. Ногоо нь дотроо  устай тул усаа биш бэлчээрээ дагах нь чухал юм. Төл малыг  өвс ногоонд  эрт цатгаж, тарга хүч авахуулбал сайн байдаг. Энэ жилийн сүүлтэй хурга, ирээдүйн тарган хонь гэсэн үг. “Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлна” гэсэн үг бий дээ. Хурга давжаа бол үхэл тасрахгүй жишээлэхэд намрын хяруу унахаар ядуу дорой нь үхэж эхэлнэ. Хавар болж дулаарлаа, хамаг юмыг ардаа хийлээ гэж тайвширч болохгүй. Хичнээн өнтэй өвөлжсөн ч, хичнээн тарган орсон ч хавар цагт малын үе мөч суларч, зөнгөөрөө ядруу болсон байдаг. Ийм үед гашуун хүчтэй ургамал тухайлбал, агь, бутуул, ерхөг, зултаргана бага боловч идүүлж байвал хөл нь амархан чангарна. Мал тэнхрэхэд хужир их чухал, хужрыг давс  орлож чадна, давсыг хужир орлохгүй. Ид хүйтэнд давс хужир малд илч нэмдэг гээд ахмад малчдаасаа сурсан мэдсэн зүйл бий. Одоо ч үр хүүхдүүддээ үе үе хэлдэг л юм.
-Сүүлийн үед малчид малаа техникээр болж л өгвөл мотоциклоор хариулдаг болжээ. Та санал нийлдэг үү?  Малыг тогтуун бэлчээх,  туух хэрэгтэй гэж сонссон юм?
-Энэ ер нь их буруу шүү дээ. Бид морио унах хэрэгтэй. Сүүлийн үед малчид техникжээд байгаа нь малдаа ч тэр байгальдаа ч халтай, хөрс, бэлчээрээ ч сүйтгэж л байгаа гэсэн үг. Энэ миний бодол. Бид малынхаа тарга хүчийг тогтооно гэж ярьдаг шүү дээ. Тухайлбал малын тарга хүчийг тогтоох малыг өлчиржүүлж, цас хүйтэн хоёрт дасгах зорилгоор бид отор хийдэг. Намрын хүйтэн шөнө морио сойж хонодог малчдын туршлага ч үүнтэй холбоотой. Ямар юмных нь мотоцикл унах вэ дээ. Бид энэ унаагаа сумын төв, аймгийн төв рүү хэрэгцээндээ ашиглаад уначихвал болно шүү дээ. Малыг хариулах нь буруу. Миний хувьд малаа мориороо л хариулдаг юм.
-Та малын тарга хүчийг тогтоох отор хийдэг гэлээ. Жаахан тодруулж яривал?
-Тийм ээ. Энэ нь ногооны сөл хамгийн сүүлд гардаг газраар буюу амт сайтай бэлчээрт хонио байлгаж малын явдлыг аль болохоор багасгаж хөдөлгөөн багатай байлгахыг хэлдэг. Хонио задгай хариулж, малчин хүн малаа хэр зэрэг өлчиржиж байгааг сайн ажиглаж, шинжиж байвал сайн. Малын тарга хүчийг тогтоон, чамбайруулж хонийг хайлахаас нь сайтар болгоомжилдог. Малын хариулга маллагаанд  анхаарч  хангай говийг хослуулж нутагладаг. Тэгэхдээ цаг улирлын байдлыг харгалзаж нутагладаг юм. Ер нь говийн  мал өөхөлж таргалдаг бол хангайн мал махалж таргалдаг. Иймд зуны халуунд хангайн хяр зоо газар, сэрүүн орхоор говьд нутаглавал өөх мах нь тэнцүү таргалдаг юм шүү гэж өвгөчүүл хэлдэг байсан юм. Малыг аль болохоор үргээж цочоохгүй тайван байлгаж сургах хэрэгтэй. Алсаас аяыг нь дагуулж тогтоож хариулсан хонь үргэх нь бага, идээшлэхдээ сайн байдаг.  Юуных нь машин тэрэг, мотоциклоор үргээж хариулах. Миний хувьд үнэхээр дургүй. Би хангай дэлхийгээ шүтэж явдаг. Хээр хонио хариулах, нүүдэл суудал хийх гээд ер нь хангай дэлхийдээ хог хаяхыг их цээрлэж явдаг юм. Энэ бол аав ээжийн минь хүмүүжил. Миний хүүхдүүд ч энэ хүмүүжлээр явж байгаа.

/Шилүүстэй сум/
-
Манай монголчууд шиг малаа олон нэрээр нэрлэдэг газрыг би дуулаагүй юм байна. Таны хувьд малынхаа им тамга гээд малын өнгө зүсийг хүүхдүүддээ яаж зааж өгдөг вэ? Танай хүүхдүүдээс малчин болсон хүн бий юу?
-Тэгэлгүй яахав. Миний хувьд учиргүй айхавтар зааж зааварладаггүй юмаа. Би их дуу цөөнтэй хүн. Дагуулж хийлгэдэг байсан. Малчны хүүхэд гэдэг их л гярхай байх ёстой санагддаг. /инээв/ Учир нь малтай холбоотой маш олон нэр бий. Малын тамганы нэр гэхэд миний мэдэх 100 гаруй бий. Зүс гэхэд тоолж барамгүй, им гэхэд 20 гаруй нэршил бий шүү дээ. Малыг бид шүд, нас хүйсээр ялгаж бараг 100 шахам нэрээр нэрлэдэг шүү дээ. Ер нь манай малчид газар нутгийнхаа онцлогоос шалтгаалаад  малаа өнгө зүс, галбир хэлбэр, тамга тэмдэг, явдал янз,  шүд, нас хүйс, дуу, мөрөөр нь ялгаж таньж, нэрлэж чаддаг их гярхай улс шүү дээ. Зөвхөн  шүдээр нь адууны 20 гаруй насыг тодорхойлж байх жишээтэй. Үгүй ядахдаа л улаан, цагаан идээ гээд малын гаралтай бүтээгдэхүүн, малын тоног, иддэг өвс ургамлын нэрийг нэмбэл малчны хүүхдүүдэд мэдэхгүй зүйл гэж алга даа. Малчин болсон хүүхдүүд бий.
-Ер нь малчин хүн гэж таны хувьд хэн юм бол?
-Манай Монголчууд айлсан саахалтаар хамтран малаа малладаг уламжлалтай ард түмэн. Бид ус нутгийнхаа газар шороо элэгтэй нь ойр амьдардаг их азтай хүмүүс. Дөрвөн улирал нүүдэллэж амьдардаг. Өглөөнөөс үдшийн бүрий тасартал ажиллаж л байдаг хөдөлмөрч улс. Малчид бид үүндээ түүртдэггүй. Мал малчин хоёр амь нэг байдаг санагддаг юм. Учир нь төлөө голсон малыг ч дуулж хуурдан, уран тойг аялсаар уйлтал уяруулж чаддаг хүн бол малчин. Өнөөдөр бид хэт их малын тооны хойноос хөөцөлдөөд бэлчээр усны дутагдал, орчны өөрчлөлтөд сөгдөх дөхөө юү дээ. Бүх хэрэгцээгээ өөрсдөө хангадаг байсан малчид бэлчээр сонгон алс нүүхээ больж, мотоцикль, машинаар  малаа хоргоох залхуу малчид болох вий дээ. Суурин бараадсан малчид ихэсч өвгөдийн минь нутаг цөлжиж, эзэнгүй дэх вий дээ гэж эмзэглэдэг юм. 
Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таныг хангай дэлхий тань үргэлж ивээж яваг ээ. 

Б.Мягмарсүрэн

相关新闻