Төрийн албан хаагчид сонсголгүй иргэдтэй харилцах анхан шатны мэдлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-02 18:25:19

Завхан /МОНЦАМЭ/.Завханд дохионы хэлний нээлттэй сургалт болж сонсголгүй 30 гаруй хүн албаны болон төрийн албан хаагч нар хамтран амжилттай суралцжээ.  
Монголн Улсын “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо”, “Сонсголгүйн боловсрол” Төрийн бус байгууллагаас хамтран дохионы хэлний таван өдрийн сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Иргэний танхимд нээлттэй заажээ. Сургалтын сургагч багшаар дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүн П.Ганхуяг, “Сонсголгүй боловсрол” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баасанжав, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хэлмэрч орчуулагч н.Болормаа нар ажилласан байна.
Сургалтад хамрагдсан иргэд болон Улиастай сумын сонсголгүй иргэдэд дохионы хэлний гарын авлага, зурагт хуудас, CD бэлэглэжээ. Энэхүү сургалтанд хамрагдсан иргэд, албан хаагчид сонсголгүй иргэдтэй харилцах анхан шатны мэдлэгтэй болж байгаагаараа энэхүү сургалт онцлог болов. Цаашид энэхүү сургалтыг жилд нэг удаа зохион байгуулж төрийн албан хаагчид болон зарим үйлчилгээний газрын ажилтнуудад сонсголгүй иргэдтэй хэрхэн харилцаж ярилцах анхан шатны мэдлэгийг олгохоор болов.

Б.Мягмарсүрэн


相关新闻