"Бүрэн бүтэн амьдрал" хүүхдийн зургийн үзэсгэлэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-02 16:46:10

Завхан/МОНЦАМЭ/. Завханд "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан “Бүрэн бүтэн амьдрал” нэртэй хүүхдийн зургийн уралдаан болж үзэсгэлэн нээлтээ хийв.
Энэхүү уралдаан, үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд "Хүүхдээ хамгаалъя" нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Завханхангай орон нутгийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулжээ. “Бүрэн бүтэн амьдрал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа. Гар зургийн уралдаанд 200 гаруй бүтээл ирүүлснээс 30 шилдэг бүтээлийг шалгаруулж үзэсгэлэн гаргасан байна. Гар зургийн уралдааны “шилдгийн шилдэг бүтээл”-ээр бага насны ангилалд Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 3в ангийн сурагч Д.Эрдэнэсувд, дунд насны ангилалд: Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 7б ангийн сурагч Р.Энх-Ундрах нарын бүтээл шалгарчээ. Харин ахлах насны ангилалд Жавхлант цогцолбор сургуулийн 10-а ангийн сурагч Г.Нармандахын бүтээл шалгарч шилдэг хүүхдүүд өргөмжлөл, мөнгөн шагнал, уран зургийн дугуйланд нэг сар үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа. Хүүхдүүд өөрсдийн нүдээр бүрэн бүтэн амьдралыг өөр өөр өнцгөөс харж, бодож явдгаа уран зургаар илэрхийлсэн байна.  Мөн зарим зураач хүүхдүүд өөрсдийн бүтээлийн утга санааг үзэсгэлэнгийн үеэр тайлбарлаж насанд хүрэгчдэд хүүхдүүдийн сэтгэл зүрх яг л ийм байдаг шүү. Тэд илүү их хангалуун амьдралыг мөрөөдөхөөс илүү аав ээжтэйгээ хамт л байхыг тайван орчинд амьдрах, тэдний зүрх сэтгэлийг, үгийг сонсдог байхыг л хүсдэг тухай хэлж ярьж байв. Энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд аймгийн ГБХЗХГ-ийн фондод хадгалагдах бөгөөд зурагт хуудас болгож хүүхдийн хүчирхийллийн эсрэг сурталчилгаанд ашиглагдах ажээ.

Б.Мягмарсүрэн 

相关新闻