Гавьяат багш Р.Маабазарын нэрэмжит сурган заах арга зүйн кабинетийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дэргэдэх Сурган заах арга зүйн кабинетийг Монгол Улсын гавьяат багш, доктор, дэд профессор Раашийн Маабазарын нэрэмжит болгож нээлтээ хийлээ.
Ардын багшийн нэрэмжит сурган заах арга зүйн кабинетын нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын албаны удирдлагууд болон түүний гэргий, үр хүүхдүүд шавь нар нь оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын гавьяат багш, доктор Р.Маабазар багшийн дүр бүхий цээж баримлыг хүндэтгэлтэйгээр залж “Эрдэм мөрлөсөн он жилүүд” нэртэй намтар түүхийг нь харуулсан бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Мөн одон орныг сонирхон судалж хүүхэд багачууд, шавь нараа гайхамшигт одон оронтой салшгүй холбоотой болгосон багшийгаа дурсах “Од эрхсийн гайхамшиг” нөхөрсөг цугларалтыг зохион байгуулсан байна.
Энэхүү кабинетид математик, физик, одон орон сонирхдог хүүхэд багачуудад хичээлийн бус цагаар мэргэжлийн багш нар хичээл заахаас гадна, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх төрөл бүрийн сургалтууд явагдах юм байна. Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа: -“Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 20 дугаар тогтоолоор аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газрын “Сурган заах арга зүйн кабинет”-ийг Монгол Улсын гавьяат багш, доктор, дэд профессор Раашийн Маабазарын нэрэмжит болгох шийдвэр гаргасан нь олон хүний талархлыг хүлээлээ. Ардын багшийн үйл хэрэг цаашид ч энэ танхимд үргэлжилнэ” хэмээв.
Дашрамд дуулгахад Р.Маабазар багш 1940 онд Завхан аймгийн Завханмандал сумын нутаг Нүхтийн бэл гэдэг газарт малчин ард Раашийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр бага сургууль 10 жилийн сургуулиа төгсөөд 1960-1964 онд Монгол Улсын Их сургуульд суралцаж, физикийн багшийн мэргэжил эзэмшсэн байна. Улмаар Завхан аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Гэгээрлийн хэлтсийн байцаагчаас эхлүүлэн багш, сургуулийн захиралын алба хашиж байжээ. Түүнчлэн 1986 оноос эрдэм шинжилгээний ажил эрхэлж туршилт судалгаа явуулах зорилгоор өөрийнхөө хүсэлтээр сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдөн сургуульдаа багшаар ажиллан эрдэм шинжилгээний олон судалгаа өгүүлэл бичиж, нийтийн хүртээл болгосон байна. 2001 онд өөрийн бичсэн 10 гаруй сурах бичиг, зөвлөмж, ном, эрдэм шинжилгээ арга зүйн 30 шахам өгүүллэг зэргээрээ Улсын багшийн их сургуулийн эрдмийн зөвлөлөөс профессор цол, Сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний ажлыг эрхлэн 1994 онд “Сурагчдаар хийлгэх астрономийн ажиглалтын агуулга, арга зүй “ сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан байна. Мөн 1996 оноос аймгийнхаа сургуулиудын математик, физикийн боловсролын чанарыг сайжруулж, цаашид хөгжүүлэх зорилгоор “МФ” олимпиадыг анх санаачлан зохион байгуулсан нь өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдан үнэ цэнэ зорилгоо алдахгүй үргэлжилсээр байна.
Б.Мягмарсүрэн