Завханы гутал үйлдвэрлэгчид “Best shoes” ХХК-иас туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-25 23:44:41

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачлагаар орон нутгийн бизнес эрхлэгч, гутал үйлдвэрлэгчид үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Best shoes” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаад иржээ.
-Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг”-т шилжих зорилт тавин ажиллаж байгаа.  Тиймээс орон нутгийнхаа үйлдвэрлэлийг чанартай, үр дүнтэй, өргөн хүрээнд явуулахын тулд томоохон компаниудаас туршлага судалж, хамтран ажиллах нь чухал юм. Бид орон нутагтаа гутлын үйлдвэрлэл эрхэлж буй 10 гаруй бизнес эрхлэгчийг ижил төстэй үйлдвэрлэл явуулж буй компанаас туршлага, технологи судлаасай хэмээн энэ удаагийн танилцах бизнес аяллыг хийж байна. Цаашид шат дараатай бусад томоохон үйлдвэрүүдтэй бизнес эрхлэгчдээ танилцуулж туршлага судлуулна хэмээн аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэвлэлийнхэнд дуулгалаа.
Туршлага судлах аяллын үеэр  гоёлын болон өдөр тутмын гутлыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж буй дотоодын цөөхөн компаний нэг “Best shoes” ХХК Завханы бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинэ технологи сургахад хамтран ажиллахаар боллоо. Анх гэрийнхээ тагтан дээр гутал хийж эхэлсэн тус компаний захирал Б.Түвдэнням, “Би олон жил цуцалтгүй хөдөлмөрлөж өдий зэрэгт хүрсэн.  Орчин үеийн томоохон үйлдвэртэй болоход тухайн үед Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхийг зорьсон чин сэтгэл, итгэл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр мөн л орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг туршлага судлуулж яваа нь үнэхээр үр дүнтэй ажил юм” хэмээв.
“Best shoes” ХХК нь 2001 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж сард 60-70 хос гутал үйлдвэрлэж байсан бол 2014 онд Чингис бондын хөрөнгөнөөс хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авч Итали, Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр өдөрт 500-800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ нээжээ. Өнөөдөр 70 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа үндэсний баялаг бүтээгч шилдэг компани юм. “Best shoes” ХХК цаашид бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох, ажилчдаа эх орондоо сэтгэл хангалуун сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Б.Мягмарсүрэн


相关新闻