Тэлмэн сумын хүүхдүүд цэцэрлэгийн шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-22 23:47:44

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тэлмэн суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Япон улсын Засгийн газрын 711 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны долдугаар сард эхлүүлсэн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч гүйцэтгэгч компани аймаг, сумын удирдлагад хүлээлгэн өглөө.
Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Кэнжикү” ХХК ажиллажээ. Тус компани Тэлмэн сумыг төвлөрсөн халаалт, шугам сүлжээтэй "Жишиг сум" болно гэж тооцоолсон зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэсэн байна.  Анх төсөвлөснөөс нэмэлтээр халаалт, цэвэр ус, худаг, гадна инженерийн шугам сүлжээ зэрэг 200 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг мөн хийжээ. Энэхүү санхүүжилтыг БСШУСЯ шийдвэрлэснээр ийнхүү хөдөөгийн хүүхдүүд нийслэл хотын хүүхдүүдийн нэгэн адил дотроо цэвэр, бохир устай, дулаан, тохилог орчинд сурч боловсрох байртай болжээ. Шинэ байртай болсноор хүүхдүүдийн ирц, идэвх сайжирч сургалтын үйл ажиллагаанд үр дүнгээ өгч эхэлсэн, мөн “Багшийн хөгжлийн төв”-тэй болж багш нар өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн бүрдсэнийг сургуулийн захирал хэллээ.
Тус сумын хувьд 1963 онд байгуулагдсан 55 жилийн түүхтэй 50 хүүхдийн багтаамжтай аж ахуйн аргаар барьсан цэцэрлэгт 120 гаруй хүүхэд хүмүүжиж байжээ.  Тэлмэн суманд цэцэрлэгийн насны 325 хүүхэд байдаг. Харин шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор дөрвөн бүлгээр 135 хүүхэдтэй хичээллэж эхэлжээ. Цаашид нэмэлтээр долоо хүртэлх бүлэг нээн ажиллуулж сумынхаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүрэн хамруулах зорилготой байгаагаа нээлтийн үеэр цэцэрлэгийн эрхлэгч ярилаа.

Б.Мягмарсүрэн


相关新闻