"Балга усны улаан нуур"-нд тариалалт хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-20 19:22:50

Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн цэнгэг усны хамгийн их нөөцтэй орд газар болох Балга усны улаан нуурын 100 га талбайд тариалалт эхлүүллээ. Балга усны улаан нуурын 100 га талбайд 2014 онд 1,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийж, услалтын систем, цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн байсан юм.
Газар тариалан эрхлэх, фермийн аж ахуйг хөгжүүлэхээр усжуулалтын системийг бий болгож, байнгын цахилгаанд холбосон ч өнөөдрийг хүртэл тэнд ямар нэг үйл ажиллагаа явуулж эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байв.
Тиймээс бүтээн байгуулалтыг үр дүнтэй байлгах, уг 100 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, Өмнөговь аймгийн  "Эрдэнийн гүн говь" ХХК-ийг шалгаруулсан юм. "Эрдэнийн гүн говь" ХХК нь Балга усны улаан нуурын услалтын систем бүхий 100 га талбайд найман төрлийн хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлыг тариалахаар ийнхүү ажлаа эхэллээ. Эхний ургацыг аймгийн баяр наадмаас өмнө хураах юм байна. Өмнөговьчууд ийн хүнсний ногооны хэрэглээнийхээ дийлэнх хувийг орон нутагтаа тариалдаг болохыг зорьж байгаа юм.
Тариалалтыг эхлүүлснээр байнгын 15 ажлын байр, түр 30 гаруй ажлын байр бий болж байна. 

Д.Мишигсүрэн

相关新闻