Завханы Хөгжим бүжгийн сургууль "Би эндээс эхтэй" баримтат кино хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Урлагийн салбарын дуучин, хөгжимчин, бүжигчдийг сургаж бэлтгэн гаргадаг хөдөө орон нутаг дахь цорын ганц сургууль СУИС-ийн харьяа Завхан дахь Хөгжим бүжгийн коллежийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүхэн 30 жилийн ойгоо угтаж тус сургууль шинэ уран бүтээлүүдийг үзэгчдэдээ бариад байгаа билээ. Энэ талаар тус сургуулийн захирал Ш.Энхжаргалтай уулзаж ярилцлаа.
-Өдрийн мэнд СУИС-ийн харьяа ХБК маань түүхэн 30 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна. Энэ ажлыг угтаад ямар ямар ажил төлөвлөж байна вэ?
-Баярлалаа. Манай сургууль 1987 онд анх үүсгэн байгуулагдсан. 1988 оны 09 сарын нэгнээс анхны хичээл нь орж байсан түүхтэй.
Энэ жил 30 жилийн ойтойгоо золгож байна. 30 жилийн хугацаанд манай сургуулийн төгсөгчид Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, нүүр царайтай, сургуулийнхаа нэрийг, үндэсний урлагаа сурталчилсан Монголдоо төдийгүй дэлхийд энэ урлагаа сурталчилсан томоохон төлөөлөл урлагийн шилдэг хүмүүс бий болсонд баяртай байдаг.
Энэ жил 30 жилийн ой тохиож байгаатай холбоотой сургуулийн хамт олон маань ачаалалтай ажиллаж байна. Ойн хүрээнд 30 бүтээлч ажлын аян өрнүүлж байгаа.
Үүнд сургалтын чанар, материаллаг чанарыг сайжруулах, сургуулийн гадаад өнгө үзэмжид анхаарах гэх мэт бүтээлч ажлуудыг төлөвлөөд байна. Төлөвлөсөн ажлууд маань эхнээсээ хийгдээд явж байна.
-Төлөвлөгөөт ажлын хөтөлбөр хийгдсэн үү? Тодруулбал ойг угтсан яг ямар ажлууд хийгдэж эхэлж байна вэ?
-Ерөнхийдөө гарсан байгаа эхний ээлжинд сургуульд ажиллаж байсан ахмад буурлуудтай, үе үеийн төгсөгчдийн төлөөлөлтэй уулзах ажлыг сургуулийн захиргаанаас хийгээд байна. Мөн төгсөгчдийн холбоог албан ёсоор байгуулсан байгаа. Завханы хөгжим бүжгийнхэн гэсэн төрийн бус байгууллага байгуулж тамга тэмдэг гэрчилгээгээ авчихаад байж байна. Мөн үүнтэй холбогдуулан ирэх тавдугаар сард “Бид хөгжим бүжгийнхэн” гэсэн төгсөгчдөөрөө бахархсан тоглолтыг Улаанбаатар хотноо хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон явж байна.
Энэ тоглолтын талаар жаахан тодруулахгүй юу?
-Тэгэлгүй яахав. Тоглолт маань их өргөн хүрээтэй явагдах болно. Тоглолтонд манай сургуулийн давуу тал, онцлогийг харуулсан бүтээлүүд тоглогдоно. Энэ тоглолтонд манай сургуулийг төгссөн анхны төгсөгчдөөс авахуулаад сүүлийн үеийн төгсөгчид, мөн манай сургуулийг төгссөн Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан нэртэй уран бүтээлчид оролцоно.
Тухайлбал манай сургуулийг төгссөн төгсөгчдийн холбооны дарга Классик жем хамтлагийн ахлагч Х.Энхтайван, Алтан ураг хамтлаг, Нүүдэлчин хамтлаг, Алтай хамтлаг, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлч н.Бумхүү, дуучин А.Түмэн-Өлзий гэх мэтчилэн олон хүнийг нэрлэж болох юм. Тэгэхлээр тоглолтын хувьд өргөн хүрээтэй сайхан тоглолт болох нь дамжиггүй. Одоогоор аль болохоор түмэн олонд хүргэх, сайхан тоглолт зохион байгуулах гэж номерийг түүвэрлэн, шилмэл тоглолт болгохоор ажиллаж байна. Тиймээс сургуулийн маань онцлог давуу талыг харуулсан сайхан тоглолт болох нь дамжиггүй юм. Түүнээс биш номер дутна гэсэн асуудал гарахгүй. Мөн Улсын филармоны ерөнхий удирдаач Б.Батбаатар, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий удирдаач н.Даваасүрэн, Морин хуурын чуулгын ихэнх уран бүтээлчид нь манай сургуулийн төгсөгчид байдаг мөн тоглолтонд оролцоно. Эндээс харахад манай сургуулийн сургалтын чанар, үйл ажиллагаа нь ямархуу цар хүрээтэй байдаг нь манай уран бүтээлчдийн тоглолтоос харагдана байх.
-Танай сургуулийн онцлог юу юм бол? Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг урлагийн сургууль ганц байдаг гэж сонссон?
-Тэгэлгүй яахав. Манай сургуулийн үйл ажиллагаа нь Завхан аймгийн Улиастай хотод явагддаг болохоос биш цар хүрээний хувьд маш өргөн. Анх баруун таван аймгийн театр, чуулгын хөгжимчин, бүжигчнээр хангах зорилготой Хөгжим бүжгийн дунд сургууль гэж байгуулагдсан түүхтэй. Гэтэл өнөөдөр өргөжсөөр баруун долоон аймаг, сүүлийн үед Улаанбаатар хотоос ирж суралцаж байна. Сурагчид маань бүс нутгаасаа хүсэл сонирхол, авъяас чадвараараа шалгагдаад, шигшигдэж ирдэг учраас сургалтын чанар, үр дүн сайтай байдаг. Түүгээрээ манай сургуулийн онцлог, сургалтын цар хүрээ харагддаг юм. Түүнээс гадна хөдөө орон нутагт байдаг урлагийн сургууль бол цор ганц. Энэ бол манай сургууль.
Мэдээж бид түүхэн 30 жилийн ой гэхээс илүүтэй үлдэх зүйл, хийсэн бүтээсэн зүйлээ баримтжуулан авч үлдэх нь чухал болоод байна. Тиймээс нэгэнт урлагийн салбар учраас Монголын радио телевизийн сургуультай хамтраад “Би эндээс эхтэй” нэртэй баримтат киног ойдоо зориулж хийж байгаагаа дуулгахад таатай байна. Баримтат киноны зураг авалт эхлээд явж байна. Ойн үеэр кино маань гарна. Мөн сургуулийн түүхийн талаарх ном товхимол гаргах төлөвлөгөөтэй бэлтгэл ажилдаа ороод явж байна. Номын ерөнхий редактороор манай сургуульд 20 гаруй жил ажилласан СТА н.Түдэв ажиллаж байна. Бид өнөөдөр баяр тэмдэглэх нь чухал биш өнгөрсөн үеэ дурсаад сайн муу, ололт амжилтаа үнэн зөвөөр нь үлдээхийн тулд кино, ном бүтээх ажилдаа ороод явж байна.
-Ойн үеэр одоо суралцаж байгаа хүүхдүүдийн хамтарсан тоглолт болох болов уу?
-Бид өнгөрсөн оны төгсгөлд дэлхийн оюуны их өв болсон “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг бэлтгэж Улиастай сумын таван сургуулийн хүүхдүүдэд гурван өдөр нийт таван удаагийн тоглолтыг хийсэн байгаа. Энэ бол ой угтсан ажлын нэг хэсэг байсан. Энэ нь оюутнууд маань суралцахаас гадна уран бүтээлч сэтгэлгээ суух, ур чадвар нь нэмэгдэх, тайзны соёлд суралцах, тайзны хүн болох чадварыг суулгаж өгсөн томоохон уран бүтээл тоглолт болсон. Хүүхэд л болсон хойно алдаа оноо байлгүй л яахав. Гэхдээ манай оюутнууд, хүүхдүүд маань тоглолтоос тоглолтод сайжирч байсан. нь харагдаж байсан. Тиймээс дараагийн нэг томоохон ажил бол сургууль сурталчилах үйл ажиллагааг Улиастайд хийх гэж байна. Ирэх тавдугаар сард болох СУИС-ын Завхан дахь Хөгжим бүжгийн сургуулийн хүүхдүүдийн томоохон тоглолт, уран бүтээлийг бид сургууль сурталчлах өдрөөрөө иргэддээ үзүүлнэ. Энэ ажлын хүрээнд Улиастай сумын иргэд, хүүхдүүддээ үнэ төлбөргүй тоглолтыг үзүүлнэ. Бид, манай сургууль ямархуу урлагийн мэргэжилтэн бэлтгээд байгаа юм бэ гэдгээ харуулах тайлан тоглолт болно.
-Танай сургууль гадна өнгө үзэмж тохижилт их сайн харагдаж байна. Ер нь материаллаг бааз хэр байна вэ?
-Материаллаг бааз тодорхой хэмжээгээр сайжирч байгаа.
Гэхдээ манайх байгуулагдсан цагаасаа эхлээд зориулалтын дотуур байр байдаггүй байсан. 80 хүүхдийн зориулалттай хичээлийн байрыг дотуур байр болгож тохижуулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Бидний тулгамдаж байгаа нэг асуудал бол зориулалтын дотуур байртай болох явдал юм. Энэ талаар холбогдох шат шатны байгууллагуудад хүсэлтээ тавиад ажиллаж байна. Мөн УИХ-ын 18-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяаг орон нутагтаа ажиллах үеэр нь дотуур байраа үзүүлж санал тавьсан байгаа. Нааштай хариу өгсөн. Манай сургуулийн эрэлт хэрэгцээ, оюутны тоо жилээс жилд өсөөд байдаг. Гэтэл дотуур байрны хүрэлцээ багасаад байна. Одоо 80 хүүхэд байрлах байранд 120 хүүхэд амьдарч байна. Сүүлийн үед манай сургууль ЕБС, цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийг бэлтгэдэг болсон. Эрэлт их байна. Яг энэ сургалтын хөтөлбөрийн чиглэлээр суралцах хүсэлтэй иргэд бусад аймгуудаас ирж байна.
-Танай сургуулийн сургалтын байр саяхан ашиглалтанд орсон байх аа?
-Тиймээ шинээр баригдсан байрны тухайд 350 хүртэлх хүүхэд суралцах бүрэн боломжтой. Сургалт хичээл явуулах байр байгаа. Одоогоор 230 гаруй хүүхэд суралцаж байна.
-Өнөөдөр танай сургуульд оюутнууд ямар мэргэжлээр бэлтгэгдэж байна вэ?
-Манай сургууль хөдөө орон нутагт тэр дундаа баруун бүс нутагт соёлын үрийг тарьж соёлын салбарын мэргэжлийн ажилчид, хөгжимчид, дуучид, бүжигчид гээд урлагийнханыг мэргэжлийн түвшинд бэлтгэж сургаж төгсгөж байгаа томоохон сургууль юм. Өнөөдөр манай сургуульд гурван тэнхим, 76 багш ажилчид, 9 бүлэг, бакалаврын I-IV түвшинд 186 оюутан, /бакалаврын I-IV түвшинд 54 оюутан, 10-12-р анги буюу мэргэжлийн боловсролд 91 суралцагч, 6-9-р анги буюу суурь боловсролд 41 суралцагч тус тус суралцаж байна.
Танай суралцагч, оюутнууд уралдаан тэмцээнүүдэд амжилт их гаргадаг. Жишээ хэлбэл?
-Тэгэлгүй яахав. Бид сургууль дээрээ “Хөгжмийн мягмар гараг” ийн тоглолтыг мэргэжлийн анги тус бүр амжилттай зохион байгуулж оюутан суралцагчид бүрэн хамрагддаг байгаа. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард бүх мэргэжлийн ангийн хүүхдүүдийг хамруулсан амжилтын эх гэсэн томоохон уралдааныг зохион байгуулсан. Энд багш, оюутнууд бүгд хамрагдсанаараа онцлогтой болсон. Хөгжимт Жүжгийн театрын хормейстер багш П.Мөнхжаргалын санаачилгаар сургуулийн нийт оюутан суралцагчдыг хамруулсан найрал дууны тоглолтыг аймгийнхаа театрт амжилттай зохион байгуулсан. “Шопениана” балетын цэнгүүнийг багш Б.Гантөмөр, Р.Эрдэнэ-Аюуш нар мөн аймгийн театрт амжилттай зохион байгуулж үзэгч олноос өндөр үнэлгээ авсан.
“Тэнгэр хуур” өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаанд манай 11а ангийн суралцагч Д.Болор-Эрдэнэ /хуучир/, Н.Адилбиш /морин хуур/, 12а ангийн суралцагч Э.Доржнямба /морин хуур/, Т.Санжаасүрэн /лимбэ/ гэсэн төрлүүдээр амжилттай оролцож Т.Санжаасүрэн маань зохион байгуулагчдын нэрэмжит шагналыг хүртсэн байгаа. Хүүхдийн урлан бүтээх төв ДДУС хамтран зохион байгуулсан барималын уралдаанд уран зураг дизайны ангийн 9 сурагч амжилттай оролцож, 12-р ангийн сурагч н.Мөнгөнтуул, н.Ахжол нар тусгай байр эзэлж хүүхэд тус бүр СУИС-д суралцах эрхийн бичгээр шагнагдсан. Уран зураг, дизайн ангийн оюутан суралцагчдын “SEVEN ART” үзэсгэлэнг бүсдээ амжилттай тавьсан. Түүнчлэн сонгодог бүжгийн багш Б.Гантөмөрийн санаачилгаар Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Шелкунчик” балетыг аймгийн театрт амжилттай зохион байгуулж Улиастай сумын иргэд хүүхэд багачуудад тоглосон байгаа. Лимбэ хөгжмийн багш, Р.Эрдэнэлхагва “Limbe of Classic” уран бүтээлийн тоглолтыг Улсын филармоний концертын танхимд амжилттай зохион байгууллаа. Энэ уран бүтээлийн тоглолтоороо лимбэ хөгжимд нэгэн шинэ эргэлтийг хийж D-dur - н шинэ хөгийг нэмсэн нь мэргэжил нэгт уран бүтээлчдээс өндөр үнэлэлт авсан байгаа. Морин хуур хөгжмийн багш С.Түмэнбаяр ОХУ-ын Улан-Удэ хотод 11 сарын 13-18-ны өдрүүдэд зохиогдсон Евроазийн үндэсний гоцлол хөгжимчдийн “Кубок Байкала” V уралдаанд амжилттай оролцлоо. УБТэнхимийн эрхлэгч Ж.Наранцацрал нь ОХУ-ын Улан-Удэ хотод зохиогдсон Евроазийн үндэсний гоцлол хөгжимчдийн “Кубок Байкала” V уралдаанд шүүгчээр уригдан амжилттай ажиллаад ирлээ гээд дурьдаад байвал манай сургуулийн багш, оюутнуудын амжилтын буухиа тасрахгүй ээ.
Б.Мягмарсүрэн