Д.Нарантуяа: Хачигт хазуулсан зургаан дуудлага ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-03 19:21:16
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт жил бүрийн хавар хачигт халдвар гардаг болоод байна. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Дамбийн Нарантуяатай уулзаж ярилцлаа.
- Манай аймаг хачигт халдварын голомттой газрын тоонд орж байна. Голомт хаана түлхүү байна вэ?
- Хачигт халдвар буюу хачигт энцефалит хангайн бүсийн сум голомттой байна. Хутаг-Өндөр, Тэшиг, Бугат сум, Хангал сумын Хялганат тосгон энэ өвчний голомттой. Үүн дотроосоо Бугат сум, тэр дундаа тус сумын Өндөр хөтөл, Царамын даваагаар хачигт халдвар их гардаг, хортой, “Алс дорнодын” гэж нэрлэгддэг хачиг бий. Тэр нутагт хачигт хазуулсан иргэд амь насаа  ч алдаж байна. 
Хачигт энцефалит нь хачгаар дамжин халдварлаж, төв болон захын мэдрэлийн системийг гэмтээн  эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй, байгалийн голомтот халдварт өвчин юм.  
Алс Дорнодын хачигт энцефалит эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг.
- Аюулын эрсдэл өндөр байгаа нутагт энэ хавар халдварын тохиолдол гарсан уу?
- Өнөөдрийн байдлаар хачигт хазууллаа гэсэн дуудлага Сайхан сумаас 2, Бугат сумаас 4 ирээд байна. Гэхдээ хачигт энцефалитаар өвчилсөн тохиолдол гараагүй байгаа.
2016 онд хачигт энцефалитын тохиолдлоор 2 хүн нас барсан. 2017 онд таван тохиолдол гарч, хоёр хүн амь насаа алдсан эмзэглэмээр зүйл гарлаа. Үүнээс урьдчилан сэргийлэх нь чухал байна.
- Иргэд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх боломж бий юу?
- Бий. Жил бүрийн 4-р сараас 10-р сар хүртэл хачиг нүүж байдаг. Энэ хоорондоо өвчлөл дамжуулна. Хамгийн их идэвхтэй өвчлөл дамжуулдаг, тараадаг цаг хугацаа нь 4-7 дугаар сар хүртэл юм. Зарим жил наймдугаар сарын эхэн дунд үе хүртэл ч байж байдаг. Энэ үеэр иргэд түлээ модоо бэлтгэх, халиар бэлтгэх, хүүхдүүд цээнэ, жамьянмядаг цэцэг түүх зэргээр ойд явах нь элбэг. Энэ хачиг чийглэг анхилуун үнэртэй газар байдаг учраас тэнд очсон иргэд хачигт хазуулах эрсдэл их бий.
Хачиг дээшээ тэмүүлэмтгий учир гар хүзүү толгойд хаздаг. Үүнээс сэргийлж аль болох тод өнгийн болоод юүдэн малгайтай, битүү хувцас өмсөх хэрэгтэй. 2-3 цаг болоод хувцасаа гөвөх, элдэв төрлийн шавьж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэвэл хачигт хазуулахгүй, урьдчилан сэргийлэх боломж бий.
- Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийдэг. Энэ жилийн хувьд ямар арга хэмжээ авч байна вэ?
- Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Дархлаажуулалтын гурван тунг хийлгэсэн байх шаардлагатай. Хачигт энцефалитийн вакцин гэж байдаг. Энэ вакциныг 4-р сард эхний тунг, 5-р сард 2 дахь тунг, 9-10-р сард 3-р тунг хийдэг. Гурван удаа вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй. Өвчилсөн тохиолдолд амь насаа алдах эрсдэлд хүрэхгүй байх чухал ач холбогдолтой.
Манай аймаг 7000 хүн тун вакцин татан авч байгаа. Энэ голомттой бүс нутагт хуваарилаад өнөөдрийн байдлаар 1700 гаруй хүнд 1-р тунгийн вакцин хийчихсэн байна.
Өмнөх жилд зохих вакцинаар тариулсан 3000-гаад хүн байгаа. Тэд нарт давтан тун хийж байна.
- Тал хээрийн нутагт хачиг их “унадаг”. Ийм хачиг бас өвчлөл дагуулах уу?
- Хусны буюу ойн хачиг ийм аюултайгаас гадна талын хачиг их байна. Мал буюу хурга ишгэнд хачиг их наалддаг. Энэ төрлийн хачиг тархи нугасны өвчин үүсгэхгүй ч гэсэн хачигт рикетсиоз, боррелиоз гэж нэрлэгддэг биеэр туурдаг өвчин үүсгэдэг. Хазсан газартаа хавдар үүсгэх, тууралт болох өвчлөлийг үүсгэж байгаа. Тэгэхээр иргэд малаа хариулах, хүүхдүүд малынхаа хотон дотор тоглож байхдаа хачигт хазуулах магадлалтай. Талын хачигаас сэргийлж, бага насны хүүхдийн үс толгойг тогтмол үзэж шалгаж байхад гэмгүй.
М.Батжаргал

相关新闻