“Алтан хайч” улсын уралдаанаас Хөгжил Политехник коллежийн оюутнууд алтан медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Мэргэжлийн Сургалт Үйлдвэрийн Төв, Политехник коллежүүдийн үсчин, гоо засалч, хумс засалчийн мэргэжлийн суралцагчдын “Алтан хайч-2018” улсын XVI уралдаанаас Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн багш Т.Мөнхцэцэг, багш Ц.Дэлгэрсайхан нарын бэлтгэсэн үсчингийн II ангийн суралцагч Б.Анударь "Эмэгтэй хуримын гоёл" төрлөөр, Үсчингийн I ангийн суралцагч Б.Сумъяабазар "Эрэгтэй зураглалтай засалт" төрлөөр тус тус алтан медаль хүртсэн байна.
“Алтан хайч” улсын уралдааныг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж санаачлан 2002 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн уралдааныг” Абука” МСҮТ эрхийн дагуу зохион байгуулжээ.
Энэхүү уралдаан нь дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтээр явагддаг бөгөөд суралцагчдын мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих тэднийг олон улсын жишигт хүргэх, мэргэжлийн чадвар, чадамжийг тодорхойлж дэлхийн үсчин, гоо засалчдын дэвшилтэт техник технологийг сургалтын агуулгад нэвтрүүлэх, багшийн ур чадварыг дүгнэх, оюутан залуусыг мэргэжилдээ дур сонирхолтой болгон хөгжүүлэх, цаашид өсөн дэвжихэд томоохон нөлөө үзүүлдгээрээ гол ач холбогдолтой юм.
А.Бямбасүрэн