Улиастайчууд "Хүүхдийн хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээе" уриатайгаар жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-31 17:50:15

Завхан/МОНЦАМЭ/. Завханд хүүхдийн хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээе уриатайгаар "Дахин тэвчихгүй" тайван жагсаалд 200 гаруй иргэн, эцэг эхийн төлөөлөл, ИНБ, ТББ-ууд 80 гаруй хүүхэд оролцлоо.
Жагсаалд оролцогчид миний, таны, та бүхний ирээдүй болсон хиргүй тунгалаг үр хүүхдүүд минь айдасгүй, нийгэмд амьдраасай хэмээн уриаллаа. Энэ үеэр жагсаалыг зохион байгуулж буй сайн дурын төлөөллүүд үг хэлж, эцэг эхчүүд, багш нарын төлөөлөл дуу хоолойгоо нэгтгэлээ. Мөн үеэр, бид нэг удаа жагсаад өнгөрөх биш. Харин эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Хүүхдийн гэх тодотголтой, эмэгтэйчүүдийн гэх тодотголтой бүх байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд залуу аав ээжүүд та нар минь хойшид ч хүүхдийн сайн сайхны төлөөх, хүний эрхийн төлөөх үйлс зорилго нэгтэй байгаарай гэдгийг мөн уриалж байв. 

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д заасан Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хуулиар хамгаална гэж заасан. Монгол Улсын Их хурлаас Үндсэн Хуулийн дээрх хэм хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг тухайлсан харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудыг батлан гаргасан хэдий ч ХҮҮХДИЙН ЭСРЭГ БИЕ МАХБОДИЙН, БЭЛГИЙН, СЭТГЭЛ САНААНЫ хүчирхийлэлтэй холбоотой нийгмийг цочроосон гэмт хэргүүд удаа дараа давтагдан гарсаар байна. Тиймээс үр хүүхэдтэй, үр хүүхэддээ хайртай эцэг эх бүрийн сэтгэл санааг давчдуулсан, хойч ирээдүйд нь санаа зовсон монгол гэр бүлийн төлөөлөл хүүхдийн эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг бодитой хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхийг шаардан төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, зохих хууль дүрэмд өөрчлөлт оруулах, энэ талаар үүрэг хүлээгчид тэр дундаа эцэг эхийн хараа хяналт, хайр халамжийг нэмэгдүүлэх, үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд хүүхдээ өртүүлэхгүй байхыг уриалан орон даяар энэхүү тайван жагсаалыг нэгэн зэрэг зохион явуулжээ.  

Б.Мягмарсүрэн

 

相关新闻