Солонготын давааны постыг өндөржүүлсэн бэлэн байдалд байлгахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-22 15:32:15

Завхан /МОНЦАМЭ/. Завханы хил залгаа аймгуудад малын халдварт өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн жилээс эхлэн ажиллуулж байгаа Солонготын давааны постыг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, нэмж пост гаргахаар болсон тухай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөлгөөний үеэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Завхан аймаг хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийнхээ зөвлөлгөөн зохион байгуулж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл бүс нутгаа хадгалж үлдэх талаар тодорхой үүрэг чиглэл өгчээ. Монгол Улсын хэмжээнд мал амьтны гоц халдварт өвчин гараагүй гурван аймаг байгаагийн нэг нь Завхан аймаг.  

Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар бол Завхан аймгийн эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур салбар юм. Тиймээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүл байлгахад онцгойлон анхаарч ажиллахыг зөвлөлгөөний үеэр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгч, салбарын мэргэжилтнүүд хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар зөвлөлдлөө. Энэ үеэр малчид, иргэд хил залгаа аймаг сумруу аль болох зорчихгүй байх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа хийхгүй байх тал дээр дор бүрнээ онцгойлон анхаарах хэрэгтэйг ч зөвлөлдлөө.
Түүнчлэн малын гоц халдварт өвчин эмгэг үүсгэх бас нэг эх үүсвэр нь үхсэн малын сэг зэм юм. Тиймээс сум бүр нядалгааны, үхсэн малын сэг зэмийн байршлыг тогтоон нэгээс хоёр цэг дээр бөөгнүүлж, аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтан дор ариутгал, устгалын ажлыг хамтран зохион байгуулах хэрэгтэй хэмээн үүрэг чиглэлийг энэ үеэр аймгийн ХХААГ-аас өгч анхаарууллаа. Түүнчлэн гадна аймаг суманд өвөлжөөд отроос ирж байгаа малд онцгойлон анхаарч, шаардлагатай тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийх аж.  
Зөвлөлгөөнд Завханы  24 сумын хүнс, хөдөө аж ахуйн 120 мэргэжилтэн оролцсон байна. 
Дашрамд зөвлөлгөөнд оролцсон 24 сумын мал эмнэлэг үржлийн тасгуудад ХХААХҮЯамны санхүүжилтээр шинэ мотоцикль олгосныг аймгийн удирдлагууд гардуулан өгчээ.



 

Б.Мягмарсүрэн


相关新闻