Завханы хүн амын эрүүл мэндийн төлөө салбар бүр хамтран ажиллахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-20 22:22:06

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг уриаллаа.
Учир нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2018 онд "Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт" уриатай ажиллаж байгаа ажээ. Энэхүү уриа нь төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Тиймээс Завхан аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын удирдлагууд бусад салбартай хамтран ажиллахаа ийнхүү илэрхийлсэн байна. Энэ зөвлөгөөнийг "Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах жил"-ийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулжээ. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд 24 сумын эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, ЭМГ-ын удирдлагууд нийт 50 гаруй хүн оролцжээ. Энэ үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Завхан аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 2018 онд хэрхэн ямар замаар хангалттай хэрэгжүүлэх, цаашид эрүүл мэндийн салбарын шинэтгэл бодлого, эмч нарын ур чадварыг нэмэгдүүлэх гэхчлэн олон талын ажлыг шат дараатай зохион байгуулах талаар зөвлөлджээ. Мөн төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын дэд хөтөлбөрийг Завхан аймагт хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг байгууллага нэг бүр дээр үнэлж дүгнэнэ, Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах, 12 багийн эмчийг мотоциклоор хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц зөвлөгөөнд оролцогчдод танилцуулжээ.

Б.Мягмарсүрэн


相关新闻