"Марш тактик-2018"-д Зэвсэгт хүчний 325-р анги тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан, Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Марш тактик-2018” тэмцээн амжилттай болж дууслаа.
Оролцогч бүрийн мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэлийг ямар түвшинд байгааг шалгадаг дээд хэлбэрийн шалгуур бол марш тактикийн тэмцээн гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр маршид хэрхэн оролцсоноороо тухайн жилийн өнгө, байдлаа цэргийн алба хаагчид тодорхойлдог. Тэгвэл энэ жилийн марш тактикийн тэмцээнд нийт найман багийн 250 гаруй алба хаагч оролцож, авхаалж самбаа, хурд хүч, мэдлэг оюунаа сорьсон байна. Тэмцээний шилдгээр Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг түрүүлж, аймгийн Цагдаагийн газрын “Алдар" баг, Онцгой байдлын газрын багууд удааллаа.
Энэ удаагийн арга хэмжээг аймгийн Шүүхийн шинжилгээний алба хариуцан зохион байгуулсан байна.
Б.Мягмарсүрэн