“Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” илтгэлийн уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-13 11:48:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдаан эхэллээ.
Энэхүү уралдаанд Сэлэнгэ аймгийн харъяат гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучууд оролцох бөгөөд 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарлаж байгаа юм. Уг илтгэлийн уралдааны гол зорилго нь Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх, эдийн засагт тулгуурласан хөгжлийн гарц, боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон шинэ санаа, санаачлагыг нээн гаргаж, хэрэгжүүлэхэд чиглэгддэг аж.
Уралдаанд оролцогч оюутан залуус боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн хөгжил, ХАА, газар тариалан, МАА, уул уурхай, ЖДҮ, худалдаа үйлчилгээ, фермерийн аж ахуй, мэдээллийн технологи гээд бүхий л салбар чиглэлийн сэдвээс сонгон оролцох эрхтэй юм байна. Түүнчлэн уралдаанд оролцогч залуус аймгийн хөгжлийн боломж нөхцлийг бодитойгоор дүгнэж, оновчтой тодорхойлсон шинэ санаа, санаачилга, үр өгөөжтэй санал дэвшүүлсэн байхыг голлон шаардаж байгаа аж. Оролцогчид ганцаарчилсан болон багаар байж болох юм. Уралдаанд түрүүлсэн материалыг нэг сая төгрөгийн урамшуулал хүлээж байгаа ажээ.
  Ч.Отгонцэцэг
相关新闻