СЭЛЭНГЭ: Өнөө шөнө ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай, их хэмжээний аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-10 19:10:53

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө аймгийн ихэнх сумдын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймээс гэнэтийн аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж секундэд 14-16 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +10+15 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж секундэд 14-16 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +12+14 градус, өдөртөө +19+21 градус дулаан байна.

 

8 дугаар сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-нд ихэнх сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр.

 

Агаарын температур шөнөдөө +7+12 градус, өдөртөө +18+23 градус дулаан, 14-нөөс өдөртөө +25+30 градус хүрч дулаарна.

 

 

相关新闻